Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? – НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН НЯГТЛАН БОДОГЧ Ц. ГАН-ЭРДЭНЭ

Author Picture

Бичсэн админ

2018, 1 сарын 17

Nano International

Манай ярилцлагын 2018 оны эхний зочин бол санхүүгийн салбарт амжилттай ажиллаж буй залуучуудын төлөөлөл Ц.Ган-эрдэнэ. Нано Интернэйшнл компанид 8дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн өндөр туршлагатай, ажилч хичээнгүй энэхүү бүсгүй 2010 оны шилдэг ажилтан, Сангийн яамны жуух бичгийн эзэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн тэргүүний залуу шагналтай бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2017 оны шилдэг менежерээр шалгарч амжилтаа бататгасан  дур булаам инээмсэглэлтэй, ажилсаг бүсгүй юм. Ингээд түүний ажлын арга барилтай танилцъя.

Байршил: Монгол, Улаанбаатар

Албан тушаал: Нано Интернэйшнл ХХК-ийн нягтлан бодогч

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Олон юмыг зэрэг амжуулах

Хэрэглэдэг гар утас: Samsung S8+

Хэрэглэдэг компьютер: Dell

Сошиал хуудас: Ц. Ган-Эрдэнэ /Facebook/, Ganerdene.Ts Finance /Workplace/

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Хийх ажлаа урьдчилан төлөвлөдөг. Урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөө сайн байвал хийх ажлаа хугацаанд сайн хийж, түүнийгээ дагаад гүйцэтгэл болон үр дүн эерэг байна. Мөн ямар ч ажил байсан өөрөөс шалтгаалах зүйлээ сайн хийхийг хичээдэг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ хуваалцана уу?

Мэргэжил минь нягтлан бодогч учраас санхүүгийн хэрэглээний програмыг өдөр тутамдаа байнга ашигладаг. Мөн нийгэм болоод цаг үеийн мэдээллээ facebook орчиноос илүүтэй авдаг. Facebook орчинд booble filter шүүлтүүрийн аргаар ханддаг. Энэ нь нэг ёсондоо бүх мэдээллийг бус хэрэгтэй, чанартай, үнэн бодит мэдээллийг авна гэсэн үг. Аппликэйшны хувьд монгол аппликэйшнээ илүү ашиглахыг хичээдэг. Нийгэм, эдийн засгийн болоод бүхий л салбарын мэдээллээ UBINFO-с авчихдаг.

Nano International

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Nano International

Цаг хэмнэх, хамгийн сайн арга тань юу вэ?

Ажиллах арга барилтай минь энэ асуулт шууд холбоотой. Төлөвлөгөө гэсэн үгийн дагуу цаг хэмнэхийг хичээдэг. Мөн хэрэгцээгүй зүйлд цагаа дэмий үрэхгүй байхыг хичээдэг. Ямар ч ажлыг хийхдээ ач холбогдол, үр нөлөөлийх нь дарааллаар жагсааж байж яаралтайгаас эхэлдэг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр илүүтэй тэмдэглэдэг. Цаг хугацааны байдлаас хамааран зарим тохиолдолд утас, календарь дээр тэмдэглэдэг. Урт хугацааны ажлыг календарь дээр тэмдэглэдэг бол, тухайн өдрийн ажлаа гар утасныхаа NOTES дээр бичиж тэмдэглэдэг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Миний хувьд санхүүгийн мэргэжлээс гадна багшийн мэргэжлийг давхар эзэмшсэн болохоор хүнд зааж зөвлөхдөө сайн болов уу гэж бодож байна.

Nano International

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Ажлын онцлог гэвэл байнгын үргэлжлэх мөнхийн хөдөлгүүр шиг гэвэл яг таарах байх. Учир нь санхүүгийн ажил өдөр, сар, улирал гээд байнга тайлан тооцоо гээд зогсолтгүй үргэлжилдэг. Ажлын хувьд эерэг тал нь ямар ч хүнд маш сайн эмх цэгцтэй байх аргад суралцуулдаг, мөн энэ салбарын хүмүүс бусад мэргэжлийн хүмүүсээс илүү тэвчээртэй болдог байх шүү. Хэцүү зүйл гэвэл гэр бүлдээ зарцуулах цаг зав зарим тохиолдолд хомс байдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо жилийн эцсийн тайлан гаргахад бэлдэж төвлөрөн ажиллаж байна.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Хөгжмийг төрөл жанр гэж ангилалгүй сонсдог. Тухайн үед ямар хөгжим, дуу таалагдана түүнийгээ сонсдог. Ажлын ачаалалтай үед хөгжим сонсох нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг. Тиймдээ ч сонгодог хөгжим сонсох үе байхад заримдаа тэс өөр рок буюу хүнд хөгжим сонсдог.

Та яг одоо ямар ном нийтлэл уншиж байна вэ?

Яг одоо нийтлэлээс илүү Барбара Коркораны Бүсгүйн код номыг уншиж эхлээд байгаа. Эхлэлээсээ эхлэн сонирхлыг минь маш их татаж байгаа. Энэ ном нь дэлхийн олон оронд орчуулагдан хэвлэгдсэн эмэгтэйчүүдийн хувьд маш үнэтэй зөвлөгөө өгөхүйц ном.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Анх уулзсан ч юм уу намайг сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд би хаалттай дотогшоо хүн шиг санагддаг. Хүмүүс ч тэгж хэлдэг. Харин яг танилцаад, харилцаад эхлэх үед би маш нээлттэй хүн.

Nano International

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Ажлын ачаалал их байдаг болохоор ажлын өдрүүдэд хамгийн эртдээ 00:00 гэж унтдаж өглөө 6:30 сэрдэг. Харин амралтын өдрүүдэд хангалттай унтаж авахыг хичээдэг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Ууланд алхах, салхинд гарах гээд л гэр бүлийн нандин дурсамжаа баяжуулдаг.

Nano International

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Заавал ямар нэгэн хүн, гэнэтийн зүйл, үгсээс гэхээсээ илүү байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж түүнээсээ аз жаргалыг мэдрэхийг хичээдэг. Ажил ихтэй бухимдалтай байсан ч эцсийг нь үзэх хэрэгтэй гэсэн бодлоор тэтгэгдэж урам авдаг. Ер нь ямар ч муу муухай зүйл байсан түүнээс гэрэл гэгээтэй сайхныг нь олж харвал амьдрал илүү сайхан болно шүү дээ.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Аав ээж минь үнэнч шудрага бай тэгвэл үйлс чинь бүтэж явна гэж хэлдэг. Энэ үг миний хувьд том зөвөлгөө.


"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?