HR-ИЙН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТЭЭС БИЗНЕСИЙН МАНЛАЙЛАЛ РУУ
Хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглардаг Zangia.mn-ийн “HR Event & Networking” арга хэмжээ амжилттай болж, салбарын 300 гаруй мэргэжилтэн, менежер, удирдах түвшний төлөөлөл шинэ мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Манай Хүний нөөцийн албаны хамт олон мөн арга хэмжээнд оролцож, салбарын шинэ чиг хандлагатай танилцан, мэргэжлийн хүрээллээ тэлсэн юм.
Энэ удаагийн үндсэн илтгэгчээр манай Нано Группийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Б.Бүжинлхам оролцож, “HR-аас бизнесийн манлайлал руу: AI эрин үед CEO нар HR-аас юу хүлээж байна вэ?” сэдвээр илтгэл тавьж, үнэт туршлагаа хуваалцлаа.
Тэрээр HR-ийг зөвхөн өдөр тутмын үйл ажиллагаа бус, бизнесийн өсөлт, бүтээмжид бодит нөлөө үзүүлэх стратегийн түнш гэж харах, мөн AI болон технологийг зөв ашиглан багийн ур чадварыг хөгжүүлэх нь чухал болохыг илтгэлийн үеэрээ онцолсон юм.
Энэ чиглэлтэй уялдуулан Нано Интернэйшнл ХХК 2025 онд SAP SuccessFactors (HCM) хүний нөөцийн цогц системийг Монголд анх удаа бүрэн хэмжээнд нэвтрүүлж, хүний нөөцийн үндсэн процессуудаа дижиталчилсан билээ. Харин энэ онд дараагийн шат болгон SAP SuccessFactors Learning буюу ажилтнуудын сургалт, хөгжлийн процессыг удирдах модулийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Мөн арга хэмжээний үеэр манай албан ёсны эрхтэйгээр дистрибьютерлэдэг Гүржийн Borjomi байгалийн эрдэст усыг оролцогчдод амтлуулан, танилцууллаа.



