NANO INSIGHT: FMCG БРЭНДҮҮД ӨРСӨЛДӨГЧДӨӨСӨӨ ХЭРХЭН ЯЛГАРАХ ВЭ? (3 аргыг нейро шинжлэх ухаан зөвлөж байна)

FMCG Брэндүүд хэрхэн ялгарах вэ?
Худалдан авалтын соёл сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдсөн. Хэрэглэгчдийн сонголт хийх хэв маяг хурдтай өөрчлөгдөж, бүтээгдэхүүний чанарт тавих шаардлага нэмэгдэж, зах зээлд брэндүүдийн тоо өссөнөөр FMCG компаниудын ялгарах боломж улам бүр хүнд болж байна. Тэгвэл FMCG брэнд стратегийн хувьд, хэрэглэгчийн оюун санаанд хэрхэн ялгарч чадах вэ?
Нейромаркетинг
Нейромаркетинг бол тархины үйл ажиллагааг шинжлэх замаар хэрэглэгчид маркетингийн өдөөлтөд хэрхэн хариу үзүүлж байгааг судалдаг орчин үеийн арга юм. Хамгийн түгээмэл ашиглагддаг арга, технологид fMRI (функциональ соронзон резонансын дүрслэл), EEG (тархины цахилгаан бичлэг), нүүрний илэрхийллийн кодчилол, нүдний хөдөлгөөн хянах (eye-tracking) зэрэг багтдаг.
Нейромаркетинг нь хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр гаргалтын хэв маягийг тодорхойлоход тусалдаг. Энэ нь өмнө нь боломжгүй хэмээн ойлгогддог байсан хүний далд ухамсрын үйл ажиллагааг бидэнд харуулах чадвартай болсон байна.
FMCG-д яагаад чухал вэ?
Нейромаркетинг нь хэрэглэгчийн зан төлөвийг гүнзгий ойлгох боломжийг FMCG брэндүүдэд олгож, сав баглаа боодол, өнгө, сурталчилгааг оновчлох замаар зорилтот хэрэглэгчдэд хурдан хугацаанд хүрэх, итгэлцэл бий болгох, өрсөлдөөн ихтэй зах зээлд ялгарахад тусалдаг.
#1 Өрөлт
Аливаа худалдан авалт нь логик ба сэтгэл хөдлөлийн хослол байдаг. Жишээлбэл, эмийн бүтээгдэхүүнийг өгөгдсөн зааврын дагуу сонгодог бол хүүхдийн бүтээгдэхүүнд аюулгүй байдал чухал. Мөн тодорхой брэндэд үнэнч байх хандлага болон хүлээн авч буй үнэ цэн нөлөө үзүүлдэг.
Гэсэн хэдий ч, хэрэглэгчийн сонголт хатуу шаардлагаас илүүтэй хувийн таашаалд тулгуурлах үед сэтгэл хөдлөл гол үүрэг гүйцэтгэдэг. Ийм үед, хэрэглэгчид хамгийн түрүүнд анзаарагдсан эсвэл хүрэхэд хамгийн амар бүтээгдэхүүнийг сонгох хандлагатай байдаг.
Иймээс бүтээгдэхүүний өрөлт нь хэрэглэгчийн анхаарал татах, сонголтод нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болдог. Зөв байрлал, харагдах байдал нь худалдан авалтын шийдвэрийг шууд чиглүүлдэг.
#2 Анхаарал татахуйц сав баглаа боодол
Судалгаагаар АНУ-ын хэрэглэгчдийн 72% нь сав баглаа боодлын дизайн худалдан авах шийдвэрт нөлөөлдөг гэж үздэг. Савлагааны материалын зэрэгцээ өнгө чухал хүчин зүйлүүдийн нэг болох нь тогтоогдсон байна. Бүтээгдэхүүний онцлог, мессежийг зөв илэрхийлсэн өнгө сонголт нь хэрэглэгчийг худалдан авах шийдвэр гаргахад нөлөөлж чадна.
Жишээлбэл, шар, улбар шар зэрэг дулаан өнгө нь сэтгэл хөдлөлийг өдөөж, харин цэнхэр зэрэг хүйтэн өнгө нь тайван байдал, итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн судалгаагаар, цайвар өнгийг ихэвчлэн хямд бүтээгдэхүүнтэй, ногоон өнгийг байгальд ээлтэй байдалтай, нил ягаан өнгийг тансаг бүтээгдэхүүнтэй холбон ойлгодог байна.
#3 Гайхширал төрүүлэхүйц, мартагдашгүй сурталчилгаа
Видео, аудио болон текст контент нь худалдан авалтын хэв маягт, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний сонголтод хүчтэй нөлөө үзүүлдэг. Мөн сонирхолтой нь эерэг болон сөрөг сэтгэл хөдлөл хоёул шийдвэр гаргалтад нөлөөлж чаддаг. Жишээлбэл, тогтвортой хөгжлийн талаарх сөрөг мэдрэмж төрүүлсэн контент байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг илүү сонирхолтой болгодог. Иймээс сурталчилгаа бүтээхдээ хэрэглэгчийн зөв мэдрэмжийг өдөөхийн тулд контентын бүх нарийн детальд анхаарах шаардлага үүсдэг байна
Дүгнэлт
Нейромаркетинг нь хүний далд ухамсрын олон талт, нарийн төвөгтэй байдлыг ойлгох шинэ арга замуудыг нээж байна. Энэ салбарыг гүнзгий судална гэдэг нь хүмүүс худалдан авалтынхаа талаар юу гэж дүгнэж байгаагаас илүүтэйгээр, тэд юу мэдрээд худалдан авалт хийсэн гэх хэрэглэгчийн өөрөө ч ялган таньж үл чадах мэдрэмжүүдэд анхаарахыг хэлдэг. Ийм түвшний шинжилгээ нь FMCG брэндүүдэд хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн маркетингийн стратеги боловсруулах өгөгдөлд суурилсан ойлголтыг өгдөг байна.

