ИНФЛҮЭНСЕРҮҮД УЛАМ Л ХҮЧТЭЙ БАС ОЛУУЛАА БОЛОХ УУ
Сошиал медиа инфлүэнсерүүд байгууллагуудын хувьд нарийн, тодорхой сегмент хэрэглэгчдэд хүрэхэд л ашиглагдахаа больж, дэлхий даяар хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлогч хүч болсон байна. Нийтдээ 50 сая гаруй хүн өөрсдийгөө инфлүэнсэр гэж тодорхойлдог бөгөөд тэдгээрийн 2 сая нь жилд 100,000 ам.доллар ба түүнээс дээш орлого олдог гэж Goldman Sachs мэдээлсэн. Үүнтэй холбоотой инфлүэнсерүүд маркетингийн салбарт томоохон өөрчлөлт авчирч буй нөлөөлөгч хүчин болжээ.
Gen-Z үеийнхний 57% нь ирээдүйд инфлүэнсер болохыг хүсдэг бөгөөд 53% нь үүнийг бодит, боломжит мэргэжил гэж үздэг байна. Гоо сайхан, загвар, технологи гээд олон салбарт тэд хэрэглэгчдийн итгэл хүлээсэн дуу хоолой болж буй нь үүнтэй холбоотой биз ээ.
Инфлүэнсерүүдийн “Баярын Худалдаа”-нд үзүүлэх нөлөө
2024 оны баярын худалдааны үеэс инфлүэнсерүүд бэлэг сонгох чиглүүлэг, зөвлөмж болон бүтээгдэхүүнүүдэд үнэлгээ өгч эхэлсэн нь тэдний шинэ үүрэг болсон. Шинжээчдийн мэдээлснээр, брэндүүдийн сошиал медиа постууд, АНУ-ын 34-өөс доош насны онлайн хэрэглэгчдийн 43%-ийнхний “баярын худалдан авалт”-ын шийдвэрт нөлөөлдөг мөн 25% нь инфлүэнсерүүдийн пост нөлөөлдөг гэж хариулсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь телевизийн сурталчилгаа, видео сурталчилгаа, подкаст зэрэг уламжлалт маркетингийн хэлбэрүүдээс хэмжигдэхүйц өндөр үзүүлэлттэй байна.
Энэ өөрчлөлт нь инфлүэнсерүүдийг хэрэглэгчийн сонголтыг чиглүүлэгч, чиг хандлагыг тодорхойлогч гол нөлөөлөгчид болж байгааг харуулж байна. Ялангуяа дижитал орчинд өссөн үеийнхэнтэй үүсгэх инфлүэнсерүүдийн ойр дотно харилцаа, хүртээмж нь залуу хэрэглэгчдийн брэндүүдийг ойлгох, харилцах, худалдан авах зан төлөвт шаардлагатай хамтрагч болгож байна.
Олны танилаас микро инфлүэнсер хүртэл
Уламжлалт ёсоор брэндүүд масст хүрч, нэр хүндээ өсгөхийн тулд олны танил хүмүүсийг оролцуулсан сурталчилгаанд найддаг байсан. Харин саяхнаас, А зэрэглэлийн инфлүэнсерүүдээс илүү микро инфлүэнсерүүд анхаарал татах болжээ.
Брэндүүдэд микро-инфлүэнсерүүд илүү ашигтай санал тавих нь элбэг бөгөөд хамтран ажиллах сонирхол илүү өндөр мөн алдартан, олны танилуудаас бага шаардлага тавьдаг бөгөөд хүртээмж ч өндөр байдаг байна. Энэ нь брэндүүдэд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч ажиллахын зэрэгцээ, төсөвтөө багтаан кампанит ажлыг хэрэгжүүлэх давуу талыг олгодог.
TIKTOK-ийн нөлөө ба богино хэмжээтэй бичлэгийн эрин
Инфлүэнсерүүдийн тоо ихэссэн шалтгааны ихэнх хувийг богино форматтай видео платформууд, ялангуяа TikTok-ийн хэрэглээний өсөлттэй холбон тайлбарлаж болно. Энэ платформын алгоритм нь дагагчийн тооноос илүү үзэгчдийн оролцоог чухалчилдаг тул хэнбугай ч нэг шөнийн дотор дэлхийд танигдах боломжтой болсон.
Энэ онцлог нь шинэ инфлүэнсерүүд тасралтгүй төрөн гарч ирэх нөхцөлийг бүрдүүлж, TIKTOK брэндүүдийн хувьд өрсөлдөх гол талбар болсон байна.
Харин маркетеруудын тулгарч буй хамгийн том сорилт нь платформын хурдтай хэмнэлд нийцсэн, шинэлэг бөгөөд сонирхол татахуйц контент бүтээх явдал юм.
Иймээс брэндүүд инфлүэнсерүүдтэй зөвхөн дагагчдын тоонд тулгуурлан бус, харин цаг үетэй нийцсэн, үнэ цэнтэй контент бүтээх чадварыг үнэлэн хамтран ажиллах нь нэмэгдэж байна.
Инфлүэнсер нөлөөллийн 2 талт шинж
Инфлүэнсерүүдийн хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө их байгаа ч үүнийг дагаад төвөгтэй, ойлгомжгүй байдал үүсэх нь олон. Судалгаагаар онлайн худалдан авагчдын гуравны хоёр нь бүтээгдэхүүн худалдан авахад инфлүэнсерийн контент тус дэмтэй байдаг, тэдний сэтгэгдэл үнэлгээ чухал нөлөө үзүүлдэг гэсэн ч зөвхөн 8% нь инфлүэнсерүүдийг бүтээгдэхүүний талаар үнэн шударга мэдээлэл хүргэж чаддаг, 11% нь тэдний өгсөн бүтээгдэхүүний зөвлөмжид бүрэн итгэдэг гэж хариулжээ. Энэ нь итгэлцлийн тодорхой зөрүү байгааг харуулж байна.
Брэндүүдийн хувьд энэ нь нэг талаар сорилт, нөгөө талаар боломж болж байна. Инфлүэнсерүүдийн хамгийн үнэ цэн бүхий үүрэг бол бүтээгдэхүүний бодит хэрэглээг харуулах боловч брэндтэй хийсэн хамтын ажиллагаа, төлбөрийн нөхцөлийн ил тод байдал нь хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэхэд маш чухал байх.
Гэвч нийт худалдан авагчдын 9% нь инфлүэнсерүүдэд шууд дургүй гэх байр суурьтай байдаг бөгөөд тэдэнтэй хамтарч ажилладаг брэндүүдэд сөрөг хандлага гаргадаг байна. Хэдийгээр энэ нь цөөн хувь боловч брэндүүд инфлүэнсертэй хамтрахдаа зорилтот хэрэглэгч болон стратегиа нухацтай авч үзэх шаардлагатайг харуулна.
Брэндүүдэд өгөх зөвлөмж
Инфлүэнсер маркетингийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд брэндүүд дараах стратегийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна:
1. Микро-инфлюэнсерүүдийг ашиглах
Бага боловч өндөр оролцоотой байдаг контент бүтээгчдэд анхаарлаа хандуулах. Тэдний ойр дотно байдал, зардлын хувьд үр ашигтай байдал нь ихэнх кампанит ажилд тохиромжтой байдаг.
2. Ил тод байх
Инфлүэнсертэй хамтран ажиллаж буй түншлэл, төлбөрийн мэдээллийг хэрэглэгчдэд тодорхой ил болгох нь хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, эргэлзээг бууруулна.
3. Богино хэлбэрийн видео контентод хөрөнгө оруулах
TikTok, YouTube Shorts, Instagram Reels зэрэг шинэ хэмнэл, хэв маягийн сонирхолтой, хурдан видео контент бүтээдэг инфлүэнсерүүдтэй хамтран ажиллах. Ийм контент нь илүү өргөн хүрээнд хүрэх магадлал өндөр.
4. Үнэт зүйл нийцтэй байгааг чухалчлах
Брэнд болон бүтээгдэхүүнтэй үнэт зүйл бодитоор нийцэх инфлүэнсертэй хамтран ажиллах нь контент болон үзэгчдийн оролцоо органик байхад чухал нөлөөтэй.

