“NANO INSIGHT” БУЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Та бүхэндээ Нано Интернэйшнл ХХК-ийн “Nano Insight” шинэхэн буланг танилцуулж байна. Энэхүү булангаар дамжуулан бид салбарын сонирхолтой мэдээлэл, зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөвийн талаар хуваалцах болно.
Дугаар 1: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар дахь импульс худалдан авалт
Бид өдөр тутмын амьдралдаа огт төлөвлөөгүй хэр нь дэлгүүрт ороод гарахын хооронд л худалдаад авчихсан бараа бүтээгдэхүүн цөөнгүй байдаг. Харсан даруйд л хоолны дуршил хөдөлгөх шоколад, хямдралтай ундаа, гоёмсог савлагаатай шинэ бүтээгдэхүүнүүд заримдаа логикоос минь түрүүлж сэтгэл хөдлөлд хүрээд үйлдэл хийлгэдэг. Энэ бол импульс худалдан авалт (impulse buying) бөгөөд FMCG буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарт түгээмэл ажиглагддаг зан төлөв юм.
Яагаад FMCG салбарт импульс худалдан авалт давамгайлдаг вэ?
FMCG /өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн/ ангиллын бүтээгдэхүүнүүд нь ихэнхдээ үнэ харьцангуй хямд, эрсдэл бага, шууд хэрэглэх боломжтой байдаг. Тиймээс хэрэглэгч эргэлзээд удахгүйгээр, тухайн мөчийн өдөөлтөөр шийдвэр гаргах магадлал нэмэгддэг. Үүнээс гадна импульс худалдан авалтыг өдөөдөг хэд хэдэн нийтлэг хүчин зүйл бий.
1) Сэтгэл хөдлөлийн өдөөлт
Өнгө, үнэр, хөгжим, дизайн зэрэг нь хэрэглэгчийн анхаарал, сэтгэл хөдлөлийг өдөөн, шийдвэр гаргалтад ухамсаргүй түвшинд нөлөөлөх боломжтой. Ялангуяа гэнэтийн “таалагдаж байна” мэдрэмж нь худалдан авах үйлдлийг хурдасгадаг.
2) Мерчендайзинг (байршуулалт ба орчин)
Кассын орчим, нүдний түвшинд байрлуулсан бүтээгдэхүүнүүд импульс худалдан авалт үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл “харагдах боломж” нэмэгдэх тусам төлөвлөгдөөгүй худалдан авалт гарах магадлал өснө.
3) Хязгаарлагдмал санал
“Өнөөдөр урамшуулал дуусна”, “Сүүлийн 2 ширхэг”, “Хямдрал дуусахад 3 цаг” гэх мэт мессежнүүд нь хэрэглэгчдийн боломжоо алдах вий гэсэн мэдрэмжийг (FOMO) өдөөн, шийдвэр гаргалтыг хурдасгадаг.
4) Нийгмийн нөлөө
Инфлүэнсэр, найз нөхөд, олон нийтийн нөлөөгөөр “бүгд авч байна” гэсэн дохио ирж, бүтээгдэхүүнийг туршиж үзэх хүсэл, улмаар импульс худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлдэг.
Импульс худалдан авалт: Хэрэглэгч ба брэнд, байгууллагад үзүүлэх нөлөө
Хэрэглэгчийн хувьд энэ нь богино хугацааны таашаал, сэтгэл ханамж, “өөртөө шагнал өгөх” мэдрэмж авчрах тохиолдол болдог ба судалгаанаас харахад импульс худалдан авалтын үеэр хүний тархины шагнал урамшууллын систем идэвхжиж, тухайн үйлдэл “сайхан мэдрэмж” төрүүлдэг байна. Харин брэнд, байгууллагуудын хувьд хэрэглэгчдэд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох, урт хугацаанд эерэг харилцаа бий болгох үндсэн зорилгоо бодит үнэ цэн, ёс зүйд суурилсан байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгодог.

