2026: РИТЕЙЛ БА FMCG САЛБАРЫН ШИНЭ ТОГЛООМЫН ДҮРЭМ
2026 он ритейл болон FMCG салбарт технологи, хэрэглэгчийн зан төлөв тэр дундаа залуу үеийн хэрэглэгчидтэй жинхэнэ холбоо үүсгэх шинэ стратеги, эрүүл мэндэд суурилсан шийдлүүдийн огцом өөрчлөлтөөр тодорхойлогдохоор байна. Дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны салбарын холбооны нэг NRF-ийн гаргасан судалгаа, таамаглалаас харахад ирэх жилүүдэд бизнесүүд зөвхөн борлуулалтад биш, хэрэглэгчийн туршлага, дата, хиймэл оюунд суурилсан шийдлүүдэд илүү их анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Тэгвэл ирэх 2026 оны ритейл ба FMCG салбарын шинэ тоглоомын дүрэмтэй танилцацгаая.
- Хиймэл оюун ухаан (AI) ритейлийн үндсэн хэрэгсэл болно.

Юуны өмнө, хиймэл оюун ухаан (AI) ритейл салбарын гол хөдөлгөгч хүч болж байна. 2026 он гэхэд олон улсын компаниудын программ, аппликейшнуудын ойролцоогоор 40 хувь нь AI агент ашигладаг болох төлөвтэй байгаа бөгөөд AI-д оруулах хөрөнгө оруулалт жил бүр 30 гаруй хувиар өсөх тооцоо гарчээ. Энэ нь FMCG салбарт эрэлт хэрэгцээг урьдчилан таамаглах, нийлүүлэлтийн сүлжээг оновчлох, хэрэглэгч бүрт тохирсон санал болгох системийг бодит ажил хэрэг болгох боломжийг нээж байна.
- Omni-channel стратеги улам гүнзгийрнэ.

Ритейл зах зээлийн томоохон тоглогчид ч энэ өөрчлөлтөд идэвхтэй бэлтгэж байна. Walmart-ийн жишээг авч үзвэл, тэд 2026 он хүртэл 150-аас дээш шинэ дэлгүүр нээж, 650-аас илүү байршлыг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа нь онлайн болон офлайн худалдааг бүрэн уялдуулсан omni-channel стратеги руу эргэлт буцалтгүй орсныг харуулж байна. Ийм чиг хандлага нь FMCG компаниудад борлуулалтын сувгаа илүү уян хатан, интеграцчилсан байдлаар хөгжүүлэх шаардлага тулгарч байгааг илтгэнэ.
- Физик дэлгүүр ба шоппинг молл эргэн сэргэж байна

Сонирхолтой нь, цар тахлын дараа буурсан мэт харагдаж байсан шоппинг молл, физик дэлгүүрүүдийн идэвх 2025 онд дахин өссөн байна. Гэхдээ эдгээр орон зай одоо зөвхөн худалдаа хийх газар биш, харин туршлага, энтертайнмент, брэндтэй холбогдох цэг болон өөрчлөгдөж байна. FMCG брэндүүдийн хувьд энэ нь pop-up дэлгүүр, амталгаа, интерактив танилцуулга зэрэг шинэ хэлбэрээр хэрэглэгчтэй харилцах боломжийг нэмэгдүүлж байна.
- Эрүүл мэнд хэрэглээний сонголтыг өөрчилж байна

Мөн эрүүл мэндтэй холбоотой хэрэглэгчийн зан төлөв ритейлд бодит нөлөө үзүүлж эхэллээ. GLP-1 төрлийн жин барих эмийн хэрэглээ нэмэгдсэнээр хүмүүсийн хоол хүнсний сонголт өөрчлөгдөж, бага порц, илүү тэжээллэг, уураг ихтэй бүтээгдэхүүний эрэлт өсөж байна. Үүнийг дагаад олон FMCG компаниуд бүтээгдэхүүний найрлага, савлагаа, маркетингийн мессежээ дахин тодорхойлж эхэлжээ.
- Gen Z & Gen Alpha – ирээдүйн гол хэрэглэгчид

Ирээдүйн зах зээлийг тодорхойлох бас нэг том хүчин зүйл бол Gen Z болон Gen Alpha хэрэглэгчид юм. Эдгээр үеийнхэн технологид ойр, мэдээлэлд хурдан ханддаг төдийгүй брэндээс ил тод байдал, нийгмийн хариуцлага, жинхэнэ харилцааг илүү их шаарддаг. Тиймээс 2026 онд амжилттай FMCG брэндүүд нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус, үнэ цэнэ, байр суурь, community-г бүтээж чаддаг байх хэрэгтэй болно.
Ерөнхийд нь дүгнэвэл, 2026 онд ритейл болон FMCG салбарт амжилттай ажиллахын тулд компаниуд AI-д суурилсан шийдэл, omni-channel борлуулалтын бүтэц, эрүүл мэндэд чиглэсэн бүтээгдэхүүн, мөн залуу үеийн хэрэглэгчидтэй жинхэнэ холбоо үүсгэх стратеги-д анхаарах шаардлагатай байна. Зах зээлийн өөрчлөлтийг эрт мэдэрч, уян хатан дасан зохицож чадсан брэндүүд илүү тогтвортой өсөлтийг бий болгох боломжтой юм.
Мэдээллийн эх сурвалж: National Retail Federation

