Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - “НАНО ИНТЕРНЭЙШНЛ“ КОМПАНИЙН ГААЛИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Г.ЭНХ-АМГАЛАН

Author Picture

Бичсэн админ

2025, 8 сарын 12

Nano International18 жилийн турш тууштай, нэг зорилго дор…

“Нано Интернэйшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл, 18 жилийн туршид компанийнхаа амжилт, хөгжлийн төлөө тууштай зүтгэж буй Гаалийн ахлах менежер Г. Энх-Амгаланг бид энэ удаагийн нийтлэлийн зочноор урьсан юм.

Тэрээр бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж бусдад, ялангуяа шинэ ажилтнууддаа тусалж, чиглүүлж ажилладаг хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн  шилдэг манлайлагч билээ. Түүний гарт “Нано”-гийн гадаад худалдааны амин судас — гаалийн үйл ажиллагаа төвлөрдөг. Энэхүү ажил нь нарийн зохион байгуулалт, төлөвлөлт, олон талт хамтын ажиллагаа шаарддаг бөгөөд түүний туршлага, хариуцлага, манлайлал нь компанийн тогтвортой өсөлт, зах зээл дэх өрсөлдөх чадварыг бататгахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Ингээд Г.Энх-Амгалангийн ажлын арга барил, туршлага, мөн “Нано Интернэйшнл”-ийн эн тэргүүний чухал, хариуцлагатай энэ салбарыг хэрхэн амжилттай авч явдагтай танилцацгаая.

  • Байршил: Улаанбаатар, Монгол
  • Албан тушаал: Гаалийн ахлах менежер
  • Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээмжтэй болон хурдтай байдал
  • Хэрэглэдэг гар утас: Huawei Honor 90
  • Хэрэглэдэг компьютер: Dell
  • Сошиал хуудас: Ganhuu Enkhamgalan /Facebook.com/
  • Хамгийн их хэрэглэгддэг аппликейшн: Ажлын хэрэгцээнд бүх мэдээллээ хуваалцдаг учраас Whatsapp, Viber, утасны Scan хамгийн их ашиглагддаг. Сүүлийн үед чөлөөт цагаараа олон төрлийн Podcast сонсож байгаа учраас Youtube бас их ашиглаж байна.
  • Хэлэх дуртай үг: Зөөлөн хатуугаа дийлдэг. 

Nano International

  • Ажлын замнал

Би өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд ажиллах гараагаа 2002 онд эхэлсэн. Харин Нано компанид бол анх үүсгэн байгуулагдсан цагаас нь буюу 2007 онд нэгдэж, тухайн үедээ 27–28 орчим насны эрч хүчтэй залуучууд хамтдаа эхлүүлж байлаа. Тэр үед бид борлуулалт, түгээлт, аж ахуйн ажил гээд олон чиг үүргийг зэрэг гүйцэтгэж, нэг хүн хоёр, гурван ажлыг зэрэг хариуцах нь энгийн үзэгдэл байсан. Хүн хүч цөөн ч, сэтгэл зүтгэлээр бэрхшээл бүрийг даван туулдаг байсан цаг үе.

Харин 2009 оноос эхлэн би гаалийн үйл ажиллагааг голлон хариуцаж, өнөөдрийг хүртэл Нано групп компанид хамааралтай бүх төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн ажлыг удирдан явуулж байна. Жилээс жилд компанийн маань цар хүрээ тэлж, бүтэц зохион байгуулалт бэхжсэнээр “Нано Интернэйшнл” өнөөдөр Монголын FMCG салбарын тэргүүлэгчдийн нэг болж, 300 гаруй гишүүнтэй томоохон хамт олон болон өргөжжээ.

  • Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

Миний ажлын нэг өдөр өглөөний 06:00 цагт сэрүүлэг дуугарч эхэлдэг. Өглөө бүр өглөөний цагаа тогтмол ууж, заримдаа хүүхдүүддээ хоол хийж өгдөг өдөр ч байна. Хэдий хувийн компанид ажилладаг ч ажлын онцлогоос хамааран төрийн байгууллагын /Гаалийн байгууллага/ ажилчид шиг 08:30-т тухайн өдрийн ажил эхлэх нь их байдаг. Заримдаа 09:00 цагт агуулах дээр ажил эхлэх нь цөөнгүй. Ажлын чиг үүргийн дагуу Гаалийн талбайгаас ачаа бараагаа хүлээн авч, холбоотой татвар төлбөр, тооцооны хамааралтай ажлуудаа хийж гүйцэтгэдэг.

Нано групп компанид хамааралтай бүх төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн ажлыг хариуцан ажилладаг менежерийн хувьд аль компанийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хамаарч заримдаа үдээс хойш агуулах эсвэл төв оффисын аль нэг дээр очиж ажилладаг. Сүүлийн үед ажлаа ажлын цагтаа багтааж дуусган, 19:00 цагт гэртээ ирж, өөртөө болон гэр бүлдээ чөлөөт цагаа зориулан өнгөрөөдөг болсон. Оройн 22:00 цагт унтаж дараа өдрийн ажлын эрч хүчээ авдаг.

Nano International

  • Ажил хийх арга барилын талаар

Хэдэн зуун километр замыг туулж ирдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахад хамгийн түрүүнд анхаарч хардаг зүйлүүд бол тээвэрлэлтийн хадгалалт болон бүрэн бүтэн байдал, бүтээгдэхүүн тоо ширхэг захиалгын дагуу байгаа эсэхийг маш сайн хянаж хүлээн авахад байдаг.  Бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн машин Монгол улсын хилээр орж ирсэн тухай цагаас эхлэн миний ажлын хариуцлага ямагт анхаарал болгоомжтой байхыг шаарддаг.  Иймдээ ч миний хийгдэх ажлууд маань бүгд л 4,5 өдрийн өмнөөс төлөвлөгдөж тодорхой болсон байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол улсын төрийн байгууллагууд цахим хэлбэрт шилжилж эхлэн гаалийн бүртгэлийн ажлууд амар хялбар болсон нь ажлын гүйцэтгэлт ихээхэн тус болж байгаа. Мэдээж дараа өдрийнхөө ажлуудыг дахин нэг хянаж, нягтлан маргаашийн ажилдаа бэлтгэдэг.

  • Түгээмэл хэрэглэдэг утасны application

Ажлын хэрэгцээнд бүх мэдээллээ хуваалцдаг учраас Whatsapp, Viber, утасны Scan хамгийн их ашиглагддаг. Сүүлийн үед чөлөөт цагаараа олон төрлийн Podcast сонсож байгаа учраас Youtube бас их ашиглаж байгаа.

Nano International

  • Ажлын цагаа хэрхэн төлөвлөж, үр бүтээлтэй ажилладаг вэ?

Миний хувьд хамгийн чухал нь бүх мэдээлэл, бичиг баримтаа урьдчилан нягталж, сайтар бэлтгэх. Ингэснээр төлөвлөсөн бэлтгэлийнхээ дагуу ажлаа шат дараатай, алдаа мадаггүй хийх боломжтой болдог.

Мөн санхүүгийн алба, брэнд менежерүүд, агуулах, түгээлтийн алба зэрэг бүхий л нэгжүүдтэй уялдаа холбоотой ажилладаг учраас нарийн төлөвлөлт бол миний ажлаа амжилттай явуулдгийн суурь гэж боддог. Мэдээж биднээс шалтгаалахгүй гэнэтийн нөхцөл байдал, асуудал тулгарах үе бий. Харин олон жилийн туршлагадаа тулгуурлан ийм нөхцөл байдлыг маш богино хугацаанд, оновчтой шийдэх чадвартай болсон гэж хардаг даа.

  • Нано Интернэйшнлд ажиллах давуу талууд юу вэ?

Манай компани бол маш динамик, хурдтай орчинтой. Цаг үеийн хөгжил, өөрчлөлттэй үргэлж хөл нийлүүлж, шинэ технологи болон шинэлэг шийдлүүдийг хамгийн түрүүнд хэрэгжүүлдэг нь өнөөгийн амжилтын гол үндэс гэж би боддог.

Нанод ажиллаж байгаа хүн маш олон зүйлийг сурч, өөрийгөө хөгжүүлж, дараагийн түвшинд гаргах өргөн боломжтой байдаг. Компанийн зүгээс ч ажилтнуудын карьерын өсөлтийг нь дэмжиж, тогтвортой, сэтгэл хангалуун, эрч хүчтэй ажиллах орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг нь том давуу тал. 

  • Сүүлийн үед өөрийгөө хөгжүүлж байгаа зүйлүүдээс дурдана уу?

Миний ажил ихэнхдээ гадуур, байнга хөдөлгөөнтэй байдаг тул ном уншиж суух зав ховор. Тиймээс би машиндаа суухдаа эсвэл гадуур ажиллаж байхдаа сүүлийн үед эрүүл мэнд, хувь хүний хөгжил, шинжлэх ухаан зэрэг сэдвийн подкаст ихээр сонсож, цагийг үр бүтээлтэй ашиглахыг хичээж байгаа.

  • Залуу, шинэ ажилтнуудад хандаж хэлэх үг?

Зорьсон зүйлдээ, хийж буй ажилдаа маш тууштай байгаарай. Миний зарчим бол нэг зүйлдээ чин сэтгэлээсээ, тэвчээртэй, тууштай хандах. Аливаа зүйлд сайн, муу, бэрхшээлтэй үе заавал тохиолддог, шантрах мөч гардаг. Гэхдээ итгэлээ алдалгүй, сайхан болно гэдэгт өөртөө итгэж, урагшлах л хэрэгтэй. Ингэж чадвал заавал үр дүн гардаг шүү.

 

Nano International"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.

 


Нано Интернэйшнл ХХК

Бидэнтэй хамтран ажиллах уу?