ТЕХНОЛОГИЙН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭГЧ ОХИД “НАНО ИНТЕРНЭЙШНЛ”-Д ЗОЧЛОВ
“Нано Интернэйшнл” ХХК нь шинжлэх ухаан, боловсролыг дэмжих, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд алслагдсан бүс нутгийн охидод мэдээллийн технологийн суурь ур чадварыг олгож буй “Код бичих охидын хөтөлбөр 2025”-ийг дэмжин хамтран ажиллалаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд манай компанийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам ментороор ажиллаж, оролцогч охидод нанотехнологийн сургалт, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох арга барил, бизнесийн манлайлал дахь эмэгтэйчүүдийн оролцоо, эрүүл амьдралын хэв маяг, амжилтад хүрэхэд шаардлагатай зан чанаруудын талаар нээлттэй уулзалт, сургалт удирдан явуулсан юм.
Мөн хөтөлбөрт оролцогч охид маань “Нано Групп”-ын төв оффист зочлон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, бидний албан ёсны дистрибьютерээр ажилладаг дэлхийн нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүний дээжээс гарын бэлэг хүлээн авсан билээ.
Ирээдүйн хөгжлийн гол түлхүүр болоод буй код бичих ур чадварыг эзэмшихээр сэтгэл, зүтгэл гарган оролцож, амжилттай суралцаж буй нийт охиддоо чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Мөн энэхүү нийгмийн хөгжилд чиглэсэн үнэтэй санаачилгыг хэрэгжүүлж байгаа бүх зохион байгуулагчид, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.