ЯПОНЫ KAO КОРПОРАЦИ НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-Д ТӨВ АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОХ ОНЦГОЙ ЭРХ ОЛГОЛОО
Улаанбаатар хот — 2025 оны 7-р сарын 15
Японы гоо сайхан, эрүүл ахуй, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний дэлхийд тэргүүлэгч Kao Corporation болон Монголын FMCG салбарын манлайлагч Нано Интернэйшнл ХХК хооронд стратегийн онцгой эрх бүхий түншлэлийн гэрээ 2025 оны 7-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын NM Tower-ын 13-р давхарт байрлах Нано Интернэйшнлийн төв оффист албан ёсоор байгуулагдлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нано Интернэйшнл нь Attack, Magiclean, Merries, Bioré, Laurier, Kate зэрэг Kao корпорацийн дэлхийд танигдсан брэндүүдийг Төв Азийн зах зээлд онцгой эрхтэйгээр экспортлон борлуулах эрхийг авсан юм. Эхний ээлжинд Казахстан, Узбекистан улсуудыг хамарч, 2026 оноос Тажикстан, Киргизстан болон бусад оронд үе шаттайгаар тэлэх төлөвлөгөөтэй байна.
Гарын үсэг зурах ёслолд:
Kao корпорацийн зүгээс Ерөнхийлөгч хатагтай Риэ Хараока, Дэд ерөнхийлөгч ноён Жимми Онг, Гадаад зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгчид ноён Үсүкэ Мияги, ноён Юүжи Инао нар хүрэлцэн ирсэн бол
Монголын талаас Нано Группийн ТУЗ-ийн дарга ноён Н.Батбаатар, Гүйцэтгэх захирал хатагтай Б.Бүжинлхам, Гадаад харилцаа хариуцсан захирал ноён Э.Тулга нар оролцлоо.
Kao Corporation нь 1887 онд Токио хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 100 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, дэлхийд нэр хүндтэй компани юм. Шинжлэх ухаанд суурилсан инновац, тогтвортой хөгжил, хэрэглэгчийн амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий тэдний стратеги нь дэлхий даяарх хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, найдвартай брэндүүдийг зах зээлд таниулсан билээ.
Талууд энэхүү түншлэлийг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн экспортын гүүр болон логистикийн чадавхыг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой алхам хэмээн үнэлж буйгаа илэрхийллээ. Мөн Монголын нэр хүндийг олон улсын тавцанд ахиулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн идэвхийг дэмжихэд өндөр хувь нэмэр оруулах нь тодорхой юм.