Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ХҮНСНИЙ БИЗНЕСИЙН ГАЗРЫН БРЭНД МАРКЕТИНГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР Б.ТЭЛМҮҮН


Нано интернэйшнл-н залуучууд хэрхэн ажилладаг вэ? Нийтлэлээрээ удаан уулзсангүй шүү!

Энэ удаагийн нийтлэлийн зочноор Нано интернэйшнл ХХК-д 4 дахь жилдээ ажиллаж байгаа, Хүнсний бизнесийн газрын брэнд маркетингийн ахлах менежер Б. Тэлмүүн-ийг урьсан юм. Тэрээр АНУ-н Лос Анжелес хотод 6 жил суралцсан ба El Camino Community коллежд associate зэргээ аваад Nobel University-д бизнесийн удирдлагаар бакалавр зэргээ хамгаалан төгсөж байжээ. Ингээд Нано интертэйшнл компанийн нэгэн амин сүнс болсон харилцагч компанийн харилцаа холбоо гэх чухал хариуцлагатай ажлыг эрхэлж буй түүний ажлын арга барилтай танилцъя.

Nano International

Байршил: Улаабаатар, Монгол

Албан тушаал: Хүнсний бизнесийн газрын брэнд маркетингийн ахлах менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээмжтэй болон хурдтай байдал.

Хэрэглэдэг гар утас: Iphone 11

Хэрэглэдэг компьютер: Lenovo

Сошиал хуудас: Telmuun Bat-Enkh /Facebook.com/

Хамгийн их хэрэглэгддэг аппликейшн: Ажлаа гол явуулж бүх мэдээллээ хуваалцдаг учраас Whatsapp-г хамгийн их ашиглагддаг. Би өөрөө дуу сонсохоороо илүү төвлөрч ажлаа хийдэг учраас Youtube бас их ашигладаг. Харин чөлөөт цагаараа Instagram, Netflix зэрэг аппликейшнуудыг голчлон сонгож ашигладаг.

1. Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

Өглөө хамгийн түрүүнд хийх ажлын жагсаалтаа гаргаад ажлаа төлөвлөж эхэлдэг. Гаргасан жагсаалтаасаа харж байгаад дарааллын дагуу хийгээд явдаг. Энэ нь тухайн өдрийг ажлыг бүтээмжтэй өнгөрөөхөд маш их тусалдаг. Мэдээж төлөвлөгдөөгүй ажлууд орж ирэх үе байдаг болохоор төлөвлөсөн ажлууд дээрээ нэмээд төлөвлөгөөгөө шинэчлээд ажлуудаа нэмээд хийгээд явдаг.

2. Цаг хэмнэх аргаасаа хуваалцвал?

Өглөө хийхээр төлөвлөсөн тухайн өдрийн хийх ажлын жагсаалтаа бэлэн болсны дараа нэн яаралтай болон 1-2 цаг зарцуулж хийх шаардлагатай ажлуудаа ялгаад нэг харчихдаг. Түүнийхээ дараа нэн яаралтай болон хийхэд хугацаа арай бага орох ажлаа хамгийн түрүүнд хийчихдэг ингэснээр хугацаа их орох ажлууддаа төвлөрч суух цаг нь гарж ирдэг.

3. Таны ажилдаа мөрддөг зарчим?

Миний бодлоор Мэдээлэл дамжуулах болон хурдтай байдал бол хамгийн чухал. Манай компанийн зорилго болон уриа үг бол бүхнээс түрүүнд гэж байдаг шүү дээ. Яг л энэ үгийнхээ дагуу маш хурдтай ажлуудаа хийх шаардлагатай байдаг. Ялангуяа борлуулалтын салбарт бол хэн нь хурдтай ажиллаж чадаж байгаа нь ялдаг учраас цаг ашиглалт хурд 2-ийг хослуулан цагийн юм цагтаа байж чадаж байж бүх ажил амжилттай саадгүй явагддаг онцлогтой. Мөн мэдээлэл солилцох урсгал маш хурдтай байх хэрэгтэй гэж боддог. Бид бүгдийн ажил байнгын уялдаа холбоотой байдаг. Олон алба нэгжүүд болон гадаад харилцагчид гээд бид бүгдээрээ мэдээллээ маш хурдан солилцож хүрэх ёстой алба нэгж ажилтан бүрдээ хүргэж байх нь хамгийн чухал тийм учраас зөв бас хурдтай мэдээллийн урсгал гэдэг хийж байгаа ажилд маань чухал нөлөөтэй байдаг.

Nano International

4. Нано интернэйшнл компанид ажиллахын давуу тал нь юу вэ?

Миний хариуцсан ажил бол гадаад харилцагч болон компани хоёроо хооронд нь холбодог гүүр нь болдог үүрэгтэй. Тийм учраас маш хариуцлагатай ажиллах шаардлагатай байдаг ба хооронд нь мэдээллийн зөрүү огт үүсгэж болохгүй гэсэн зарчмыг хатуу санан ажилладаг. Брэндийн албанд ажиллаж байгаа ажилтан ямарваа нэгэн байдлаар алдаа гаргасан тохиолдолд тухайн ажил цааш хэрэгжих шат дараалал болгонд алдаа үүсэх аюултай байдаг.

Жишээлбэл би нэг зөрүүтэй үнийн мэдээлэл явуулахад тухайн гаргасан алдаатай мэдээлэл санхүүгийн албанд буруу очиж, цаашлаад системд буруу мэдээлэл орно. Системийн буруу мэдээлэл манай борлуулалтын багын ажилчдад очоод цаашлаад манайхаас гарч байгаа барааны үнэ буруу орж харилцагчид дээр очих хүртэл бүх дамжих суваг тэр чигээрээ доголдол үүсэж эхлэх ноцтой асуудал үүсэж болдог. Тийм учраас алдаа гаргахгүйн тулд хийсэн ажлаа маш сайн нягталж, давхар шалгаж байх шаардлагатай байдаг. Мэдээж ачаалалтай ажиллаж байх үед ганц нэг зөрүү үүсгэж алдах тохиолдол бишгүй тулгарна. Тийм учраас хийж байгаа ажлаа заавал дахин дахин шалгаж нягталж байж явуулдаг.

Ялангуяа үнэ болон тооцоолол, бараа захиалга дээр сууж ажилладаг учраас бүх зүйлийг маш сайн шалгаж байх хэрэгтэй байдаг. Тийм учраас миний хийж буй энэхүү Брэнд менежер гэх ажил бол маш сайн шалгаж нягталсны үндсэн дээр цааш явдаг гэдгээрээ онцлог гэж боддог.

Nano International

Мөн компанидаа хариуцан хийж буй энэхүү ажлын маань онцлог болон давуу тал нь гадны харилагчидтайгаа байнгын холбоотой байж, онлайнаар хоорондоо ажлаа ярилцаад явдаг. Энэ нь би компаниа төлөөлж хариуцсан брэнд дээрээ ажиллахаас гадна Монгол улсаа төлөөлж, тэдэнд Монгол улсын өнөөгийн байдал, зах зээлийн мэдээлэл сонин хачнаас хүртэл дуулгаж мэдээллээр байнга хангаж байдаг. Учир нь ихэнх харилцагч нар маань Монгол улсын талаар мэдээлэл бага, жилдээ нэг удаа л бизнес уулзалтаар цөөн хоногоор зочлоод явдаг болохоор манай улсын зах зээлийн тухай ойлголт бага байдаг. Тиймээс миний хариуцаж буй ажлын нэгэн үүрэг бол гадны харилцагч нартаа Монгол улсынхаа зах зээл, нийгэм эдийн засгийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ойлголтыг бага ч гэсэн таниулахад чухал нөлөө үзүүлж чаддаг гэж би боддог.

5. Брэнд маркетингийн ахлах менежер Тэлмүүн бус Хувь хүн Тэлмүүн гэж хэн бэ талаар илүү асуумаар байна. Та сүүлийн үед ажлаас гадна давхар анхаарч ажиллаж байгаа онцлох зүйлээ дурдвал?

Сүүлийн үед өөр дээрээ төвлөрч их ажиллаж байгаа. Саяхан цар тахлын үеэр хүмүүс гэртээ урт хугацаагаар байснаас болоод илүү дотогшоо болсон гэж ярих болсон. Энэ нь миний хувьд бол тийм ч буруу гэж харахгүй байгаа, илүү давуу тал гэж бодож байгаа. Харин ч хүн өөрийгөө илүү ойлгож, өөртэйгөө ярилцаад, өөрийгөө илүү танин мэдэх боломж бий болсон гэж харж байгаа. Өөрийнхөө цаг завыг юунд зарцуулах талаараа бодож эргэцүүлж, ирээдүйн зорилгоо илүү сайн ойлгож ухамсарлаж чадах боломжийг илүү өөртөө бий болгож чадаж байгаа юм шиг санагдсан.

Ингэснээрээ би илүү өөрийгөө ойлгож, өөрийгөө хайрлаж, заримдаа өөрийгөө уучилж, өөртөө хэт хатуурхалгүйгээр илүү БИ өөрөө сэтгэл зүйгээрээ маш эрүүл байх нь юу юунаас илүү чухал гэдгээ маш сайн ойлгож байгаа. Энэ маань ч гэсэн эргээд ажил дээр надад маш их хэрэг болж байгаа юм шиг санагдсан. Жишээлбэл миний soft skill бүр илүү сайжирч аливаа нэг хүнийг нэг талаас харах биш олон талаас нь харж ойлгож өөртэйгөө жишиж харж чаддаг болсон. Энэ нь цаашлаад бусдыг ойлгох, бусадтай харилцах тал дээр ч гэсэн маш их зүйлийг ойлгуулж өгч байгаа гэж бодож байна.

Таны дуртай төрлийн ном болон бусдад санал болгох ном зохиол ишлэл?

Миний хамгийн их шимтэн уншдаг номууд ихэвчлэн эмэгтэй зохиолчдын бичсэн хувь хүний хөгжлийн талаар болон сэдэлжүүлэлж урам зориг, цаашдаа ихийг бүтээх хүч өгсөн номууд илүү сонгож уншдаг. Гэхдээ энэ нь жендерийн эрх тэгш байдлын талаар зөрчсөн, хөндсөн сэдэвтэй бол биш шүү /Инээв/.

Харин хамгийн сүүлд зохиолч Кишими Ичиро, Кога Фүмитакэ нарын харилцан ярилцлага маягаар бичигдсэн "Ад үзэгдэх зориг" гэх номыг уншсан. Энэ ном нь ерөнхийдөө хүн хоорондын харилцааны талаар цаашлаад хүн харилцаанд орохдоо бусдад буруу хэлэгдэж шүүмжлэгдэхвий ад үзэгдэхвий гэхээс эмээсээр өөрийгөө барьснаар жинхэнэ өөрийгөө битгий гээгээрэй, өөрийгөө хайрлаж үзэл бодлоо зөвөөр чөлөөтэй илэрхийлж байгаарай гэсэн утгатай байсан учраас нэг удаа уншаад үзсэн байхад олон зүйл ойлгохоор сайн ном болсон санагдсан.

Nano International

Бас би кино үзэх маш их дуртай. Хамгийн сүүлд бүрэн хэмжээний монголын уран сайхны кино болох Фантастик продакшны бүтээсэн "Зура-2 Цурам ажиллагаа" киног үзсэн. Би төдийлөн монгол кино тийм ч их сонгож үздэггүй. Харин "Зура-2 Цурам ажиллагаа" киног үзээд Монгол кино үнэхээр маш сайн хийгдэж чаддаг болсныг хараад их бахархсан. Манай монголчууд кино урлагт сайн гарч ирж байгаа юм байна гэж бодсон үнэхээр их шимтэж үзсэн. Ямар ч зүйлийг гэхдээ ажилтайгаа их холбож ойлгодог болчихсон байна лээ. Энэ кинон дээр эдийн засгийн хямрал, инфляц, мөнгө ханшийн уналт, хомсдол, хил гаалийн асуудал гээд яг л бидний өнөөгийн нийгэмд тулгараад байгаа бүх л асуудлыг маш зоригтойгоор, бодит үнэнээр нь харуулж чадсан байна лээ.

Сонсох дуртай хөгжмийн төрөл?

Харин сонсох дуртай хөгжмийн хувьд гэвэл тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаараад бага зэрэг өөр өөр байдаг. Гол төлөв ихэвчлэн намуухан хөгжимд их дуртай бас хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй дуучдад дуртай. Жишээлбэл Sasha Sloan, LANY гэх мэт уран бүтээлчдийн бүтээлийг илүү сонирхож сонсдог.

Таныг тодорхойлох 3 үг

Нухацтай, Шудрага, Хийсэн ажилдаа эзэн болж чаддаг

Залуустаа хандаж хэлэх үг

Бүх зүйлийг балансалж сураарай. Ажил, амьдрал харилцаа гээд бүх зүйлийн баланс тэнцвэрийг олж сурах нь хамгийн чухал зүйл шүү залуусаа. Манай үеийнхэн буюу милениалл залуус 2 үеийн дунд төрсөн гэдэг утгаараа ч юм уу бүх зүйлийн балансыг олж сурахдаа арай илүү юм болов уу гэж анзаарагддаг. Сайн ч бай муу ч бай бүх зүйл 2 талтай байдаг шиг бүх зүйлийн баланс тэнцвэрийг олоод л сурчихвал алцахгүй ээ.

Нийтлэгч: Б.Дэлгэрцэцэг