БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - “НАНО ИНТЕРНЭЙШНЛ“ КОМПАНИЙН “UNILEVER“ БИЗНЕС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Н.ОЮУНБААТАР
Өнөөдрийн дугаартаа бид дэлхийн 150 гаруй улсад салбартай үндэстэн дамнасан корпораци болох Unilever компанийн Монгол дахь бизнесийг хариуцсан захирал Н.Оюунбаатарыг урьж ярилцлаа. Тэрээр МУИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж, "Жем Интернэйшнл", "АПУ" зэрэг монголын томоохон компаниудын маркетинг, борлуулалтын төслүүд дээр гар бие оролцон, 10 гаруй жил худалдааны салбарт туршлага хуримтлуулаад буй юм.
Түүний ажиллаж буй "Нано Интернэйшнл" компани нь 2017 оноос хойш "Unilever" корпорацийн 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тун амжилттай ажиллаж Азийн зах зээлд хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд буй. Ингээд тэрхүү өсөлтөд том хувь нэмэр оруулсан Н.Оюунбаатарын ажлын арга барилтай танилцацгаая.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “Нано Интернэйшнл” компанийн “Unilever” бизнес хариуцсан захирал Н.Оюунбаатар
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron 15
Сошиал хуудсууд: Oyunbaatar Oko (Facebook), Oyunbaatar Nyamjantsan (LinkedIn)
ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Миний ажлын нэг өдөр уулзалтаар эхэлдэг. Хурал гэхээсээ илүү багийхнаасаа түрүүлж тааралдсан хэнтэй ч хамаагүй чөлөөтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсож, зах зээл дээр болж буй үйл явдлын талаарх мэдээллийг авахаас гадна тухайн ажилтанд ажлаа үр дүнтэй явуулахад нь тулгарч буй саад бэрхшээлийг нь сонсож тохирсон зөвлөгөөнүүдийг өгөхийг хичээдэг. Энэхүү уулзалтаас авсан мэдээлэл, бидэнд тулгарч буй асуудлуудыг нэгтгэн, хэд хэдэн ангилалд хуваагаад тохирсон системээр хэрхэн шийдэж болох талаар үдээс өмнөдөө 2 цаг орчим төвлөрч суудаг даа.
Нэг ажилтанд тулгарч буй асуудал бусад ажилтнуудад ч тулгарах магадлалтай учраас нэгдсэн нэг системээр шийдээд явбал асуудлууд нь эргээд өөрөө өөрийгөө засаад эхэлдэг. Ингээд л бидний асуудал, шийдлүүд маань эхний болон дараагийн сайжруулсан хувилбар тэрний дараах гэх мэтээр боловсрогдсоор байдаг. Магадгүй компанийн амжилт, хөгжлийг асуудал нь хэр хөгжсөн, түүнийг шийдвэрлэх хувилбар нь хичнээн шат ахиснаар нь тодорхойлж болох юм.
Харин үдээс хойшдоо бизнесээ хэрхэн хөгжүүлэх, дараагийн алхам юу байж болоход төвлөрөхөөс гадна ажилчиддаа зориулсан сургалтын материалуудыг бэлдэхэд илүү цаг заваа зарцуулдаг. Мөн долоо хоногийн нэг өдрийг заавал харилцагч нартай уулзалт хийж өнгөрүүлдэг юм.
ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, АПП ТАНЬ ЮУ ВЭ?
Microsoft Excel болон Power BI програмуудыг түлхүү ашигладаг. Гар утас, компьютерын аль алин дээр хөтлөөд явахад амар. Харин багийнхантайгаа мэдээлэл солилцохдоо Workplace, WhatsApp, Messenger зэрэг апп-уудыг ашиглаж байна.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цаг хэмнэх хамгийн сайн арга бол сайн төлөвлөх л болов уу. Сайн төлөвлөсөн ажлаас л сайн гүйцэтгэл гарна. Ингэснээр нэг ажлаа олон дахин хийхгүйгээр, дахин алдаа гаргахгүйгээр үр дүнд хүрэх боломжтой. Хамгийн гол нь багийнхандаа ямар зорилгын төлөө юу хийх гэж байгаагаа тодорхой болгож, хийж буй ажлынхаа утга учир, үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй гэж боддог.
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Би жилийн бизнес төлөвлөгөөнд маш их ач холбогдол өгдөг. Бизнес төлөвлөгөөн дээр жилийнхээ бүх дүр зургийг өнгөтөөр хэнд ч ойлгомжтой байхаар буулгахыг хичээдэг. Нэгэнт бидний зурсан зураглал 365 хоногийн турш хүн бүрийн оюун санаанд нь хийхээр төлөвлөж буй бүх ажлынх нь мөн чанар, огтлолцол нь болдог тул бидний хийх ажлын жагсаалт болж хувирдаг. Тиймээс миний болон манай багийнхны ажлын жагсаалт бол жилийн өмнө гаргаж байсан бизнес төлөвлөгөө юм. Харин тэмдэглэлийг "Microsoft Excel" программ дээр "Business plan tracker" гэсэн файл үүсгэн түүн дээрээ гүйцэтгэлээ өдөр бүр хөтөлдөг. Үүнийгээ хаа нэгтээ гар утсан дээрээсээ ч хараад тэмдэглэгээ хийгээд явдаг.
ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Би ажилдаа дуртай. Амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулсан, цаашид ч зарцуулсаар байх учраас дургүй байх ч боломжгүй юм. Нөгөө талаас манай багийхны ажилдаа хандах хандлага надаас улбаатай. Би ажилдаа дуртай байж, тэд нар ч мөн ажилдаа дуртай болдог. Хийж буй ажлынх нь эерэг, сайхан талуудыг харуулж, ойлгуулж байх нь миний үүрэг. Үүний тулд би өөрөө ч жинхэнэ утгаар том дүр зургаар нь бизнесийнхээ ирээдүй, гоё сайхан талуудыг харж, мэдэрсэн цагт л энэхүү үүргээ гүйцэтгэх боломжтой болно шүү дээ.
Дистрибьюшн бизнесийн онцлог нь хоёр зах зээлд ажилладаг платформ юм. Хоёр тал руугаа ажилладаг систем гэсэн үг юм. Дотоод зах зээлд үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг бол гадаад харилцагч нартай бизнесийн харилцаа үүсгэдэг. Бид өнөөдөр хэдэн тал руу ажиллаж, хэчнээн салаа платформ удирдаж байгаагаараа өөрсдийгөө хэр түвшинд хөгжиж байгааг мэдэх боломжтой. Дотоодын зах зээл бол зөвхөн нэг тал нь. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаагаа явуулж буй томоохон дистрибьюшн
компаниудыг нэгтгэх, бөөний худалдааны зах зээлийг хөгжүүлэх асуудал бол магадгүй гуравдагч систем байж болох юм. Цаашлаад ложистик үйлчилгээ, зөвхөн бөөний худалдаачдад зориулсан хүний нөөцийн систем, онлайн худалдааны сүлжээ зэрэг салбарлан хөгжих боломжтой.
ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Одоогийн нөхцөл байдлаа бодитоор үнэлж, магадгүй 3-5 жилийн турш тасралтгүй хөгжүүлсээр байвал хаана хүрч болохыг тодорхойлон түүнд хүрэх арга зам, системийг боловсруулах ажилдаа сайн болов уу. Үүнийг арай удаан хугацаанд, олон дахин хийсэн байж магадгүй. Гэхдээ үүнийг нэг хүн хийх боломжгүй л дээ. Харин юунаас эхэлж, хэрхэн яаж хийхийг багийхандаа зөвлөөд, чиглүүлээд л явдаг даа.
ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Одоогоор Монголчуудад ахуйн хэрэглээний шинэ соёлыг бий болгож, зах зээлд өнөөдрийг хүртэл тэргүүлэгч нь байсаар ирсэн "Адилакс" компани манай компани руу Clear, Sunsilk, Dove, Vaseline, Suave брэндийн үс арчилгаа болон Lipton цайны брэндүүдийг шилжүүлэн өгөх үйл явц дуусч байна.
Энэ хүрээнд бид ирэх сарын нэгнээс эхлэн үс, бие арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь шинэ бодлоготойгоор хэрэглэгчдээ хүргэх гэж байна. Мөн бөөний худалдааны зах зээлийг хөгжүүлэх, онцгой эрхтэй компаниудын бодлогыг нэгтгэх ажлыг эхлүүлж байгаа. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг брэнд бүтээгдэхүүний зөвхөн 10 хүрэхгүй хувийг онцгой эрхтэй компаниуд нийлүүлдэг. Үлдсэн 90 хувийг ганзгаар буюу хувь хүмүүс оруулж ирдэг. Энэ нь далд эдийн засаг, баталгаагүй бүтээгдэхүүний эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Мөн ложистикийн дэд бүтцийг нэгтгэх, салбарын зардал бууруулах ажлыг хэн нэгэн нь эхлүүлэх ёстой.
ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?
Миний хувьд өдөрт дор хаяж 30-аас дээш минутыг ном уншиж болох подкаст сонсоход зарцуулахыг хичээдэг. Өглөө, орой ажил гэрийн хооронд явахдаа подкаст түлхүү сонсдог бол гэртээ байгаа үед ном уншдаг. Одоогоор Вэрнэ Харнишийн “Бизнесээ томруулах нь” болон “Crafting & Executing strategy” зэрэг номыг уншиж байна.
ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?
Тухайн нөхцөл байдлаас шалтгаан янз бүр байдаг даа. Нээлттэй байх шаардлагатай үед багийнхантайгаа илүү ойр дотно, нээлттэй байдаг бол чухал асуудал тулгарсан, төвлөрөх шаардлагатай үедээ аль болох чимээгүй газар, ганцаараа байхыг илүүд үздэг.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Ажлын ачааллаас шалтгаалан ихэвчлэн орой 12 цагт унтаад, өглөө 7 цагт босдог. Сайн унтаж амарч чадаагүй бол маргааш нь бүтээмжгүй болох гээд байдаг тул аль болох нойроо хангалттай авч, толгойгоо амраахыг хичээдэг дээ.
ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?
Аливаад төвлөрөх, сэтгэн бодох үедээ хөгжим сонсдоггүй. Нэг төвлөрвөл хэдэн цагаар сууж, гараасаа юм гаргахыг хичээдэг. Харин машин унах, гадуур явах зэрэг толгой ажиллуулах шаардлагагүй үед төрөл бүрийн хөгжим сонирхож сонсдог доо.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Ажиллаагүй үедээ аль болох гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, хүүгээ юу хийхийг хүсэж байна, тийш нь дагуулж явдаг. Харин амралтын өдрүүдээр спортоор түлхүү хичээллэж, найз нөхөдтэйгөө сагсан бөмбөг тоглож, дугуйн аялал хийдэг.
ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Уур бухимдал, атаа хорсол, хувиа хичээх үзлээ хойш нь тавьчих юм бол бидний эргэн тойронд сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлс маш олон байна. Эцсийн дүнд, хүн ер нь хүнээсээ л эрч хүч, урам зориг авдаг. Эд зүйлсээс урт хугацааны турш урам зориг, эрч хүч авах нь юу л бол. Хүмүүс хамтдаа ямар нэг зүйлийн ард гарснаараа л урам зориг, эрч хүч авдаг. Харамсалтай нь, зарим тохиолдолд явцын дунд бие биенийхээ урмыг хугалах тохиолдол бий. Тиймээс өдийг хүртэл аливаа асуудал, ажил, саад бэрхшээлийн ард хамтдаа гарсаар яваа найз нөхөд, хамт олон, гэр бүлээсээ л хамгийн их урам зориг, эрч хүч олж авдаг.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
"Хэн нэгний хувьд хамгийн итгэл даах нэгэн нь байгаарай" гэж одоог хүртэл аав маань захидаг. Баг хамт олон, удирдлагууд маань итгэсэн болохоороо л миний шийдвэрийг дагадаг гэж боддог. Тиймээс би тэдний итгэлийг алдахгүйн тулд дутууг нь нөхөж, хараагүй өнцөгийг нь олж, зөв тийш нь чиглүүлэхийг үргэлж хичээж байдаг.
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
Та бүхэн өөрсдөөсөө "Одоо хийж буй ажил чинь чамайг зовоож байна уу? Хэцүү санагдаж бүр зугтаамаар байна уу? гэж асуугаад үзээрэй. Хэрвээ үгүй гэж хариулж байвал та хэтэрхий амар тайван замыг сонгосон байна. Ийм тохиолдолд хүн хэзээ ч хөгждөггүй бүр үеийнхнээсээ хоцорсон байх болно. Тиймээс залуу байгаа дээрээ ажлын ачаалал авч, зовж ядарч, бусдад шүүмжлүүлж, алдаа гаргаж үзээрэй гэж хэлмээр байна. Энэ бүхний дараа чи фитнессээр тууштай хичээллэдэг тамирчин шиг л ажилладаг болсон байна.·
Өнөөдөр залуус нарийн мэргэжил эзэмших гэхээс илүү хувийн ур чадвараа (soft skills) хөгжүүлэх нь илүү чухал болжээ. Технологи хөгжихийн хэрээр бидний хийж буй олон ажлын шийдлийг хүний оролцоогүйгээр шийддэг болсон учраас технологийн хийх боломжгүй зүйлс буюу бусадтай харилцах, ойлгож, хамтран ажиллах ур чадвараа илүүтэй хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Бид ажилд авч буй хүмүүсээсээ дээрх чадвар байгаа эсэхийг л түлхүү харгалздаг. Ямар боловсролтой, хэр их туршлагатай гэдэг нь дараагийн шалгуур юм.
"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.