Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ХҮНСНИЙ АХЛАХ МЕНЕЖЕР М. ТӨГӨЛДӨР


Ярилцлагынхаа ээлжит зочноор Нано Интернэйшнл компанид ажилладаг залуу манлайлагчдын нэг ахлах менежер Төгөлдөртэй ярилцлаа. Тэрээр компанидаа 2 жил ажиллаж байгаа бөгөөд жил бүр өөрийн ур чадвараараа худалдааны төлөөлөгчөөс супервайзер, супервайзероос ахлах менежер болон дэвшин амжилттай ажиллаж, Unilever брэндийн борлуулалтын уралдааны шилдэг ажилтнаар шалгарч Сингапур улсад суралцангаа аялах эрхээр шагнуулж, баг хамт олноо удирдан уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож түрүүг нь авдаг зэрэг манлайлагч залуусын нэг юм. Ингээд түүний ярилцлагыг хамт сонирхцгооё!

Nano International

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Нано интернэйшнл ХХК-ийн борлуулалтын албаны ахлах менежер /Хүнс/

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Барьж авсан ажлаа заавал дуусгадаг

Хэрэглэдэг гар утас: iphone 6

Хэрэглэдэг компьютер: Dell i5 I15 3000 laptop

Сошиал хуудас: Tuguldur Admond

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Би ер нь нэг зэрэг олон ажлыг хийхээс илүүтэйгээр аливаа ажлыг эрэмбэлж түргэн хугацаанд , чанартай, нэг нэгээр нь гүйцэтгэлтэй ажиллахыг чухалчилдаг. Өглөө бүр ажилдаа ирмэгц тухайн өдрийн ажлаа төлөвлөнө. Төлөвлөгөө бичдэг хуудсан дээрээ нэн чухлаас нь эхлэн жагсааж бичээд хийж эхэлдэг. Хийж дууссан ажлаа дугуйлна, тэгээд нэг мэдэхэд л орой бүгдийг нь дугуйлчихсан байна шүү дээ. Үүнээсээ бас урамшдаг гэж хэлж болно доо. Манай салбар өөрөө маш их хурд, нарийн төлөвлөлт шаарддаг учраас хойшлуулна гэдэг ойлголт байж болохгүй гэж үздэг. Хойшлуулсан ажил болгон эргээд хэд дахин үржигдэж ирдэг гэдэгтэй санал нийлдэг. Тиймдээ ч доороо ажилладаг хүмүүстээ юмыг цагт нь хийхийг үргэлж сануулж ажилладаг. Гэхдээ хурдтай ажиллаж байна гээд гүйцэтгэл муу байж болохгүй лдээ. Хамгийн чухал зүйл бол бодит хэмжигдэхүйц үр дүн шүү дээ. Удирдах албан тушаалын хамгийн гол шинж нь аливааг заавал өөрийн биеэр, үйлдлээр үлгэрлэж, зааварчилгаа өгснийхөө дараа хүмүүстээ үүрэг даалгавар өгч, түүнийхээ үр дүнг шаардахад илүү хялбар гэж боддог юм. Шууд шаардах, захирах, хариуцлага тооцох арга барилыг ойшоодоггүй.

Nano International

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Мэдээж манай байгууллага дотоод сүлжээндээ Facebook-Workplace ашигладаг учраас өдөр тутамдаа өргөнөөр ашиглаж байна. Мөн мэйлийн харилцаандаа Outlook mail ашиглана. Борлуулалттай холбоотой чухал мэдээллээ Distribution interactive программаар шийддэг. Сошиалын хувьд Facebook, Instagram, Flipagram ашигладаг. Харин хөгжим сонсохдоо iPlay app-ийг ашиглаж байна.

Nano International

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Манай оффис саяхан иж бүрэн засвар хийсэн учраас дүрслэхэд маш таатай байна. Миний суудаг өрөөнд Борлуулалт, Бренд, Маркетингийн албаны бүх менежерүүд хамтдаа суудаг. Цав цагаан ширээ, цагаан хана, улаан өнгийн чимэглэл оруулга бүхий багануудтай, арьсан бүрээстэй орчин үеийн сандалуудтай. Хамгийн гол нь манайх уламжлалт оффисийн хэв маягийг халсан, өөрөөр хэлбэл хэн нэгний оноосон ширээ суудал гэж байхгүй. Хэн ч хаана ч өөрийн зөөврийн компьютероо аваад сууж болохуйцаар шийдэж өгсөн нь их өгөөжөө өгч байгаа.

Nano International

Nano International

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Дээр хэлсэнчлэн цаг хэмнэх хамгийн чухал зүйл бол нарийн, зөв төлөвлөлт юм. Тухайн өдөр ямар ажлыг Яаж? Хэрхэн? Хэнтэй хамтрах? гэдэг их чухал байдаг. Миний анзаарснаар хүмүүс нэн чухал биш жижиг механик үйлдэл шаардах ажлуудаа хийсээр байгаад маш их цагаа алдаад байгаа харагддаг юм. Энэ нь нөгөө л дэс дарааллаа зөв төлөвлөх гэдэгтэй эргэж холбогдож байгаа юм. Зарим үед илүү цагаар сууж ажиллах ч тохиолдол бишгүй дээ гардаг. Үнэхээр удаан хугацаа шаардах ажлууд байгаа бол 7 хоногтоо 1 удаа маш сайн илүү цагаар суугаад дуусгачихдаг. Тэгэхгүй бол овоорч явсаар байгаад бүтэн 7 хоног илүү цагаар сууж мэдэхээр их ажилтай болчхож болзошгүй.

Nano International

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн хуудсан дээр хөтөлдөг. 2 хайрцагтай, тэгээд бичээд дууссан жагсаалттай хуудсаа нэг рүү нь хийж хураадаг.

Nano International

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Бичиж найруулах, илтгэх тал дээр боломжийн гэж боддог. Мөн ганцаарчилсан уулзалт хийхдээ ямар ч хүнээс хүссэн мэдээллээ авч чаддаг. Мөн тухайн хүндээ маш эерэг сэтгэгдэл үлдээж зөвлөгөө өгөхдөө сайн гэж хэлж болно шүү. Мөн амралтын өдрүүдээр гэртээ хоол хийхдээ маш гаргууд гэж хэлж болно.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Nano International

Импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирээд Монголын бүх борлуулалтын сувгуудад хүргэж , хэрэглэгчийг бараагаар тогтмол хангаж ажилладаг нь манай компанийн онцлог. Үүний тулд компанид борлуулалтын алба гэж бий. Бид харилцагчдийг дотор нь даац, үйл ажиллагааны хэлбэр зэргээр нь ангилж тус тусад нь өөр өөр бодлого баримталж ажилладаг. Ахлах менежер борлуулалтаа өсгөх, бүх харилцагчийг өөрийн бараа бүтээгдэхүүнээр хангах бодлогыг тодорхойлж, харьяалагдах ажилтан, менежерүүдээ сургах зааварчилгаа өгөх, тэдний ажлыг дүгнэх хянах гээд маш олон үүрэг хариуцлагыг хүлээсэн ажил байдаг. Тэгэхээр нэг л үйлдэл буруу хийвэл бүх явц, процесс доголдох борлуулалтаа алдах эрсдэлтэй. Хүмүүс маань бараатай ажилладаг бол, би хүмүүстэйгээ ажилладаг товчхондоо ийм нарийн уялдаатай сайхан ажил байгаа юм.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоо би ирэх сарын буюу 5-р сарын урамшуулал, идэвхжүүлэлтийн ажилтай холбоотойгоор өөрийн саналыг бэлтгэж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Барагтай бол ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй юм байна. Бүр төвлөрч өгөхгүй дуу чимээ ихтэй үед бол чихэвч ашигладаг. Би electro mashup хөгжмийн улаан хоббитой түүнийгээ л сонсдог доо. Машиндаа болон гэртээ бол байнга хөгжим сонсдог.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Nano International

Одоогоор гэртээ “Газар шороо” романы 2-р ботийг уншиж байгаа. Уран зохиолын номыг үргэлж шимтэн уншдаг. Мөн автомашины “Зарулем” сэтгүүлийн угаалгын өрөөндөө уншдаг.

Nano International

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Намайг хүмүүс анх харахдаа их дуугүй, даруухан, дотогшоогоо хүн гэж хардаг юм шиг санагдсан. Уг нь тийм биш лдээ. Би өөрийгөө их нийтэч, нээлттэй хүн гэж боддог. Шулуухан хэлж яриад л явчихдаг. Худалдааны байгууллагад ер нь дотогшоо бодолтой хүн тохирдоггүй юм шиг санагддаг. 100% харилцаан дээр суурилсан ажил учраас.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

23:00-07:00 хооронд ихэвчлэн унтдаг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би ерөнхийдөө их гэрбүлсэг, гэр амьтай хүн л дээ. Амралтын өдрийг гэртээ амарч дуртай хоолоо хийж, ном уншиж өнгөрүүлдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хийж дуусгасан, үр дүн нь илт мэдэгдэж буй ажлуудаасаа их эрч хүч авна. Мөн хамт олноосоо их урмын үг сонсоно. Тэд маань их эрч хүчтэй, хөгжилтэй нэгэн үеийн сайхан залуучууд бий. Бас манай удирдлагууд их forceful, energetic хүмүүс. Тэдний үйл хөдлөл, зорилго тэмүүллээс бас маш их сэдэл, урам зоригийг авдаг юм. Хүн чинь ер нь сэтгэлийн амьтан. Бие биенээ урмаар тэтгэж л амьдрах хэрэгтэй.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Надад зааж зөвлөдөг маш олон хүн байсан, одоо ч маш олон хүний заавар зөвөлгөөн дунд явсаар л байна. Хүний үгийг ялгаварлгүй сонсож, тэр дундаас өөрт хэрэгтэй ядаж 1 зүйлийг ч гэсэн олж авахыг хичээдэг. Хамгийн сайн зөвөлгөө гэхээр би ахлах ангийн сурагч байсан санагдаж байна. Манай физикийн багш надад хэлж билээ. За Төгөлдөр! хүн гэдэг чинь өсөж дэвших, өөр хүрээлэл рүү орох бүрт хаанаас ирсэн тэр газрыхаа/ сургуулийхаа, гэр бүлийнхээ/ нэрээр овоглуулж явдаг юм. Жишээ нь чамайг жаахан байхад хүмүүс энэ Мөнхбатын хүү байна гэж ярьдаг байсан бол одоо чамайг 10а ангийн Төгөлдөр гэж ярьж байгаа. За чи аймагтаа тэмцээн уралдаанд орохоор чамайг сургуулийн чинь нэрээр “Дэвшлийн” Төгөлдөр гэж дуудах болно. Оюутан болохоор чинь бусад оюутнууд чамайг “Завханы” Төгөлдөр гэж хаяглана. За бүр цаашлаад чи гадагшаа явбал “ Монголоос ирсэн Төгөлдөр” байна гэж л өөрийгөө танилцуулна шүү дээ. Тийм учраас чиний хүрээлэл томрох тусам чиний нэртэй хамт бүх зүйлсийн чинь нэр хамт гарч байдаг юм. Тэгэхээр чамд алдах эрх байхгүй. Чиний алдаа ганцхан чинийх биш шүү гэж захиж байлаа. Энэ л миний нүдийг нээж, зөв л явах юмсан гэдэг зарчмыг минь амьдруулж байдаг зөвөлгөө юм уу даа. Одоо ч гэсэн би Монголын зах зээлд “Наногийн Төгөлдөр” гэж өөрийгөө танилцуулж байгаадаа нүүр бардам байдаг юм.

Nano International

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.