Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР Б. ТҮВШИНЖАРГАЛ


Би хэрхэн ажилладаг вэ? булангийн энэхүү дугаарт Нано Интернэйшнл компанид 3 дахь жилдээ ажиллаж буй 2016 оны 8-р сарын шилдэг ажилтан, 2017 оны ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН Б. Түвшинжаргалтай ярилцлаа. Ингээд эрч хүчээр дүүрэн, авъяаслаг, ур чадвартай залуугийн дотоод ертөнцөөр хамт аялцгаая!

Байршил: Улаанбаатар, Монгол

Албан тушаал: Key account manager

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: 4Т буюу Төлөвлөгөөтэй, Тогтвортой, Тасралтгүй, Тэмүүлэлтэй

Хэрэглэдэг гар утас: RedMi4X

Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron5520

Сошиал хуудас: Tuvshinjargal Batdelger /Facebook/, Tuvshinjargal.B Sales /Workplace/

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Гол зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө золиос гаргаж шаардлагатай бүх зүйлийг хийх. Ер нь нэг зүйл дээрээ улайрч төвлөрч ажиллах дуртай.  Заавал хамгийн сайн, шилдэг нь байх тэмүүлэл хүн бүрт байх хэрэгтэй гэж итгэдэг. Онцгой бөгөөд бусдаас өөр байх нь чухал. Миний хийж байсан худалдааны төлөөлөгчийн ажил энэ байдлыг их шаарддаг байлаа.

Nano International

Тухайн өдрийн ажлын үр дүнг нийт захиалгын тоог, нийт захиалгын үийн дүнтэй харьцуулж гаргадаг. Иймд би тухайн өдрийн төлөвлөсөн борлуулалтаа хамгийн багадаа өдөр бүр 30  захиалгын тоогоор хийнэ гэж зорьсон.  Өглөө 09:00 гэхэд хамгийн эхний цэг дээр очоод л цагт багадаа 4-н захиалга гэж өөртөө шивнээд нэг цэгээс нөгөө цэгийн хооронд гүйж захиалга авдаг байлаа. 14:00 гэхэд 15 захиалга тухайн өдрийн төлөвлөгөөний 60%-ийг хийсэн тохиолдолд  тэр өдрийн ажил амжилттай байх нь тодорхой болдог байв. Гэвч миний хувьд  маш олон удаа бүтэлгүйтсэн. Тэгээд бодож эхэлсний үр дүнд  дараах 3-н дүгнэлтэнд  хүрсэн.

  1. Өдрийн ажлын тайлангаа уйгагүй нэгд нэгэнгүй бичиж тухайн цэг дээр өнөөдөр хэн байсан ямар зан характиртай хүн бэ, аль бараагаа өгч борлуулалт хийж чадсан, аль аль бараагаа өгч чадаагүй вэ! Өрөлтөө яаж сайжруулах вэ? зэрэг асуултад өөрөө өөртөө хариулт өгч тухайн цэгийн мэдээллийг өөрийн болгосон байх шаардлагатай.
  2. Борлуулалтын сарын төлөвлөгөөгөө ажлын өдөр бүрээр , тэр дундаа харилцагч бүрээр, Sku болгоноор задалж нарийн төлөвлөн түүнийгээ сахилга баттайгаар хийх ёстой.
  3. Борлуулалтын ажлын түлхүүр нь өрөлтийн ажил. Тийм ч учраас цэг дээрх ажиллаж буй цагийн 80-аас дээш хувийг нь зарцуулж цаг алдаад байгаа юм байна. Иймд гол гол өрөлтөө борлуулалтын бус цагаар хийх хэрэгтэй  гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ингээд л миний асуудал шийдэгдэж эхэлсэндээ.

Nano International

АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Өмнө нь худалдааны төлөөлөгч байсан болохоор өдөр тутамдаа Distribution program, Mercury, BTGT APP-уудыг их ашигладаг байсан. Одоогоор Word, Excel, PPT зэрэг office program дээр ажиллаж өдрийн нилээдгүй цагийг өнгөрөөж байна.  Гар утсан дээрээ сонирхлоороо 100 суниалт APP-ийг  ашиглаж завтай үедээ Home Pitness хийдэг. Шүлгийн цомог App-ийг ашиглан өөрт таалагдсан, эсвэл хэрэгтэй гэж үзсэн ишлэлээ цээжлээд түүнтэй яг ижил юмуу ойролцоо байдлаар харилцагчийн үйлчилгээндээ ашиглаж өвөрмөц байдлыг олж авдаг байлаа. Мөн Gogo news-ээр мэдээлэл авах дуртай. Их цэгцтэй, сонирхсон төрлийн мэдээллээ доторх цэсүүдээс сонгоод үзэх боломжтой. Одоогоор хамтран ажилладаг сайн найзынхаа зөвлөснөөр SoundCloud app-аар Unlock podcast их сонсдог болсон.  Ойрын 5 хоногийн хугацаанд Yesware болон Textexfander праграммыг олон харилцагчидад зэрэг мэйл илгээх, нээж үзсэнийг нь шалгах зориулалтаар бүрэн ашиглаж сурах зорилго тавиад байна.

ТА АЖЛЫ Н ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Nano International

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Мэдээж өмнөх өдрийн орой маргаашийн  ажилдаа зориулж дэс дараалалтай нягт нямбай төлөвлөж, бэлтгэх нь цаг их хэмнэдэг. Харин нөгөө талаас өөртөө итгэлтэй болоод зоригтой байх нь цаг хэмнэх, асуудлыг хурдан шийдэх үндэс гэж ойлгодог.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

A4 цаасыг голоор нугалаад, түүнийгээ дахиад голоор нь нугалаад ¼  харьцах хэмжээтэй цаасан дээр зөвхөн бичиж тэмдэглэдэг. Бичиж тэмдэглэх нь хийх ажлын талаар төсөөлөл буухад тустай санагдсан. Мөн хамтран ажилладаг нягтлан, санхүү, менежерүүд цаг тутамд завгүй байдаг учир хийлгэх ажил, хүсэлтээ энэ цаасаан дээрээ цэвэрхэн  бичээд харааны тус газар тавих нь амаар хэлснээс илүү хурдан шийдэлд хүрч байгааг анзаарсан.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би харилцагч нартайгаа маш сайхан мэндчилж, мөн эерэг эрч хүчээр цэнэглэн, тэднийхээ сэтгэл санааг үргэлж өөдрөг байхад нь ихэд анхаарч ажилладаг. Энэ талаараа илүү сайн байх гэж бодож байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Янз бүрийн хүмүүстэй харилцаж тэдний сэтгэл хөдлөлийг мэдэрч тоглолт хийдэг нарийн мэдрэмж шаардсан ажил, Ихэнх тохиолдолд татгалзалтай тулгарна. Доромжлуулах ч үе бий. Гэхдээ энэ бүгдийг эерэгээр хүлээн авч, төсөөллөө хөгжүүлэн өөрийн санаа бодлыг бусдад хэрхэн зөв ойлгуулах вэ! Яаж хамтын ажиллагаанд хүрэх вэ? Гэдэг талаар их толгой гашилгадаг учраас сэтгэх чадвар сайн болдог.

Nano International

 

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Яг одоогоор шинээр ирж буй Unilever-ийн бүтээгдэхүүүнийг Key A сувгийн хаилцагчидаар кодлуулах. Мөн Хүннү Mall-д байрлах гоо сайхны бараа зардаг “COSE” гэдэг  харилцагчтай яаралтай гэрээ байгуулахаар ажиллаж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Яг эрчтэй ажиллаж байх үедээ дуу хөгжим сонсоод байдаггүй.  Гол зүйлдээ төвлөрч ажиллахыг хичээдэг. Ядарч сульдсан үедээ Rockit Bay, Eminem-ийн дуунуудыг сонсож өөрийн зорилго урам зоригийг сэргээж эрч хүч авдаг. “Brave heart” киноны дуу, Now we are free, Бөгжний эзний “May it be” эр зориг, итгэл найдварын тухай дуунуудыг сонсож дотоод мэдрэмжээ хөглөдөг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг одоо  Данкан Кларк-ийн бичсэн “Жек Магийн бүтээсэн Алибаба”  номыг уншиж эхэлж байна. Өмнө нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан И мёнбаг-ийн  Ажлаар амьсгалсан он жилүүд номыг уншсан. Энэ номыг, нийтлэл уншиж байгаа та бүхэнд ч мөн адил санал болгомоор байна. Энэ номон дээр гарч буй И мёнбаг гэгч дайны үеийн хүнд хэцүү өлсгөлөнгийн үед  төрсөн бүрэг ичимхий, ядуу тариачны хүү өөрийн дотоод итгэл үнэмшилээ тууштай дагасанаар хэрхэн хувь нийлүүлсэн Hyundai корпорацийн захирал, улмаар өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсон тухайгаа дурдатгал байдлаар бичсэн ном юм. Би хувьдаа өөрт хэрэгтэй олон үзэл хандлага, дадал зуршилыг энэ номон дээрээс олж харсан. Та бүхнийг ч мөн адил надаас олон зүйлийг олж харж амьдрал ажил үйлстээ хэрэгжүүлнэ гэж итгэж байна.

Nano International

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Ихэнхдээ нээлттэй харилцагчтай харилцах, бусдаас мэдээлэл авах, хүнтэй амархан танилцах гээд давуу тал олон боловч заримдаа үгээ сайн бодохгүй хэлчих гээд байдаг сул талтай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

 Ихэнхдээ 01.00-06.30 хооронд унтдаг. 2 жил хэртэй ингэж явсаар байгаад дасал болсон юм шиг байналээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ ихэнхдээ гэртээ гэрийн ажлаа амжуулаад  л байж байдаг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?-Гэрбүлийнхнээсээ нэн ялангуяа ээж ааваасаа их эрч хүч авдагдаа. Тэднийгээ сайн сайхан байлгах сайн хүн болж ачийг нь бага ч болов хариулах юмсан гэж их л боддог.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Манай компаний менежер нэг удаа надад сэтгэл санаа, цаг агаарын нөхцөл байдал бусад зүйлсээс үл хамааран өдрийн төлөвлөсөн ажлаа өдөр өдөрт нь хийж амжуулж сурах, яагаад энд ажиллаж байгаагаа ойлгох ёстой талаар  зөвлөж байсан. Тэр үед миний амьдралд хамгийн хэрэгтэй зөвөлгөө байсан бөгөөд  одоо ч хүртэл надтай шууд хамтарч ажилладаггүй боловч сэтгэл гаргаж мэдэрч зөвлөгөө өгсөн менежертээ талархаж явдаг шүү!

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.