Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МЕНЕЖЕР Т.НАНДИН-ЭРДЭНЭ


Хамт олон дундаа чадвар, бүтээмжээрээ цойлж буй ажилчдынхаа арга барилаас хуваалцдаг БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? цуврал нийтлэлийн маань энэ удаагийн дугаарт Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын менежер Т.Нандин-Эрдэнэ уригдан оролцлоо. Чадварлаг хамт олныг бүрдүүлж, хөгжүүлж ажиллаж буй энэхүү залуу, эрч хүчэй бүсгүйн ажлын арга барилтай хамтдаа танилцацгаая.

Nano International 

Албан тушаал: Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын менежер

Хэрэглэдэг гар утас:  Samsung A50

Хэрэглэдэг компьютер: Lenovo ThinkPad I5

Сошиал хуудас:  FB: Nandin-Erdene Todgerel ,   Instagram: nandin_____

 

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний хувьд ямар ажлыг хэнтэй хамтарч баг болж хийж байгаагаас хамааран ажиллах арга барилуудаа тухай бүрд нь өөрчилдөг. Багаараа ажиллах, ганцаараа ажил дааж авахаас шалтгаалаад зохион байгуулагч, гүйцэтгэгч, туслах, ахалж ажиллах гэх мэт олон статустай оролцох үеүд зөндөө гардаг. Аль болох ямар ч ажил, ямар ч үүрэг рольтой оролцож байсан тухайн ажлыг амжилттай хийж дуусгахын тулд уян хатан байхыг эрмэлздэг. Ерөнхий үндсэн арга барил гэвэл юу ч хийсэн илүү шинэлэг, урьд өмнө хийгдэж байгаагүй чиглэлээр маш эмх цэгцтэй өвөрмөцөөр хийхийг хичээдэг. Ингэхийн тулд интернеттэй их найзалж шинэ соргог зүйлсийг уншиж судалдаг.

Nano International

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Ажлын орчинд: Microsoft Office, Whatsapp, workchat /workplace/, keep note

Чөлөөт цагаараа: Facebook, Instagram , Netflix, podcast app-ууд түлхүү ашигладаг. 

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Бид албаараа нэг өрөөнд суудаг. Багаараа хамт сууж ажиллахын давуу тал нь яаралтай асуудлууд дээр шийдэл олохын тулд шууд шууд ярилцаад шийдээд явчихдаг. Хүний нөөцийн албаны ажил үүргийн үр дүнг ажилчдын сэтгэл ханамж, тулгамдсан асуудлуудыг нь оновчтой шийдвэрлэсэн байдал ,тогтвор суурьшил, өсөж хөгжсөн байдал, үр бүтээмж зэргээр тодорхойлдог. Иймдээ ч өдөр тутамдаа маш олон хүмүүстэй уулзаж, харилцаж ярилцах хэрэг гардаг. Их уян хатан, төвлөрч ажиллах шаардлага гардаг. Ажлын орчны хувьд бужигнасан, нэг ажлаас нөгөөрүү шилжсэн, гэнэтийн ажлууд их гарч ирдэг, нүд ирмэхийн зуур л цаг өнгөрдөг орчин юм уудаа. /инээв/

Nano International

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд цаг хэмнэх хамгийн шилдэг арга бол ажилдаа дуртай байх, төвлөрөх, зөв зохион байгуулалт хийх. Хүн яг сайн төвлөрч сууж чадвал ямар ч ажлыг асуудалгүй дуусгачихдаг юм шиг санагддаг. Зөв зохион байгуулалт гэдэгт утас мэйл, уулзалт, цуглаанд оролцох, давхцуулахгүй бас хаягдуулахгүй төлөвлөлт хийхийг хэлж байгаа юм. Чадвал олон ажлыг нэг зэрэг хийгээд, үнэхээр боломжгүй бол нэг нэгээр нь эмх цэгцтэй хийж эхлэх хэрэгтэй. Мэдээж энэ бүхний түрүүнд хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, дуртай байх хэрэгтэй. Дургүйд хүчгүй гэдэг үг надад туйлын үнэн юм шиг санагддаг. 

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Утсан дээрээ: Keep note,  компьютер дээр: notepad,  хурал зөвлөгөөний үеэр тэмдэглэлийн дэвтэр. Хэрэв нэг зэрэг олон ажил давхцах юм бол наадаг өнгийн цаасан дээр to do list  гэж жагсааж бичээд наачихдаг. Тэгээд хийж дууссан ажлуудаа балаар дараад, тэмдэглэсэн цаасаа базаад хаях гоё байдаг шүү.

Nano International

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Зохион байгуулах, гүйцэтгэх, шинийг санаачлах. Заримдаа хамт олны дундаас сайн сонсогч, сайн зөвлөгч гэсэн сайшаалууд ирдэг. /инээв/

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД? Эерэг болон сул талууд

Гэртээ хүүхдүүд асуудал гарвал ээж аавдаа ханддаг шиг байгууллагын хувьд ажилчид тусламж дэмжлэг хэрэгтэй үед хүний нөөцийн албаруугаа хамгийн түрүүнд ханддаг. Хүний нөөцийн менежер гэдэг нэг талаараа сэтгэл зүйч шиг л байдаг. Хүсэлт бүрд нь тохирсон дэмжлэг туслалцааг өгөхөд баярласан байхыг нь харах, мөн ажилчиддаа зориулж арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж хүмүүсийн баярлаж инээж байгааг харах нь хамгийн сайхан байдаг.  Гаднаас олон төрлийн хүнтэй ярилцлаганд орж хүн бүрийн туршлагыг сонсож мэдрэх нь их сонирхолтой байдаг. Энэ бол миний ажлын хамгийн том давуу тал. Нөгөөтэйгүүр олон төрлийн зан чанар, сэтгэл зүйтэй хүмүүстэй харилцдаг учир маш болгоомжтой ярьж, сонсож, үйлдэл хийхгүй бол заримдаа үл ойлголцох асуудал гардаг. Мөн түүнчлэн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтын менежерийн хамгийн их тулгамддаг асуудал бол сайн мэргэжилтнийг богино хугацаанд шалгаруулж олж авах юм. Ихэнхдээ зөвхөн нэг зэрэг нэлээд хэдэн орон тооны асуудлууд үүсдэг нь сандраадаг даа. /инээв/

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Хамгийн яаралтай байгаа томоохон ажлууд гэвэл шинэ ажилчиддаа зориулсан дасан зохицох хөтөлбөрийн боловсруулалт, сонгон шалгаруулалтын аргачлалуудыг шинэчлэн, хөгжүүлэх ажлыг хийж байна. Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан байгууллагын шинэ жилийн арга хэмжээг хэзээ ч мартагдахааргүй сайхан зохион байгуулах тал дээр багийнхантайгаа хамт ажиллаж байна. Мөн саяхан нээгдсэн ажилчдын хоолны газрынхаа чанар, үйл ажиллагааг сайжруулах тал дээр болон үндсэн сонгон шалгаруулалтын ажлууд, бусад өдөр тутмын ажлуудыг хийгээд явж байна.

Nano International

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?            

Оройтож ажиллах үедээ ганцаараа байвал chill out playlist  намуухан тавиад  ажлаа хийчихдэг. Өдрийн цагаар аль болох чимээгүй орчинд төвлөрч сууж байж гараас юм гардаг.  Ажлын цагаар нэг бол утсаар ярих, нэг бол хүнтэй ярилцлаганд орох, эсвэл ажилчидтайгаа уулзаж байдаг учраас хөгжим сонсоод суух боломж тэр бүр гараад байдаггүй  дээ.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/ НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг одоогоор яруу найрагч Л.Өлзийтөгс-н “Хотын үлгэрүүд” тууж өгүүллэг, мөн улс төр эдийн засгийн сэтгүүлч, тоймч  Moises Naim-ын “The End Of Power” зэрэг номыг уншиж байна. Л.Өлзийтөгсийн номыг унтахаасаа өмнө уншдаг. Хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн мэдрэмжүүдийн талаар нэлээн их бодол болгодог ном. The End Of Power-н хувьд илүү сэргэг үедээ уншиж, хурцлагдаж, өрсөлдөх чадварын талаар илүү ихийг мэдэж авдаг. Ажил ихтэй байгаа учраас нилээн л удаан уншиж байна даа /инээв/. Мөн гадуур явж байх үедээ юм уу  гэртээ юм хийж байх үедээ podcast, влогууд их сонсож үздэг. Зөвхөн гадаад гэлтгүй манайхан ч их хэрэгтэй, мундаг podcast-ууд хийдэг болсон байна лээ шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би өөрийгөө 100% нээлттэй хүн гэж хэлнэ. Миний сэтгэлзүй ямар байгаа нь нүүрэн дээр минь шууд л  ил харагддаг. Хэлэх юм байвал нөгөө хүндээ шууд л хэлчихдэг. Мэдээж тухайн хүн яаж хүлээж авах бол гэдгийг бодно. Энэ нь надад болон харилцагч хүнд их амар байхаас гадна миний эрхэлж буй ажилд их тусалдаг гэж боддог.

Nano International

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Тухайн үеэсээ шалтгаалаад янз бүр. Ихэнхдээ 11 өнгөрөөж унтаад өглөө , 8 дөхүүлээд босдог.  Амралтын өдрүүдэд төлөвлөсөн ажил байхгүй бол тааваараа унтдаг. /инээв/ Би ер нь нойрыг маш их чухалчилдаг. Сайн унтаж тархиа амрааж байж илүү чанартай бүтээмжтэй ажиллаж чадна гэж боддог юм. Гэхдээ одооноос илүү эрт унтаад өглөө маш эрт 5 6 гээд босдог болох гээд зорилго тавьсан хичээж байна. /инээв/

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаараа фитнесс явж, кино үзэж, гэр бүл дотнын хүмүүстэйгээ хамтдаа цагийг өнгөрөөдөг. Мөн эрүүл мэнд гоо сайхандаа зориулж заавал цаг гаргах хэрэгтэй гэж боддог. 

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би эхэлсэн ажлаа дуусгасныхаа дараа улам илүү хичээж ажиллах эрч хүчтэй болдог. Амжилттай явж байгаа хийж бүтээсэн зүйлтэй мундаг удирдагчдаас шинэ санаа, урам зориг авдаг.  Мэдээж гэр бүл, дотнын хүмүүсээсээ үргэлж эерэг энерги, аз жаргалыг авдаг шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ээж минь надад үргэлж : “Ямар ч ажил байсан их бага, жижиг том гэлтгүй үргэлж чин сэтгэлээсээ хийж бай” гэж байнга зөвлөдөг. Би ямар ч зүйлийг хийхдээ энэ зөвлөмжийг байнга санаж явдаг. Энэ бол миний амьдралд мөрдөгддөг хамгийн сайн зөвлөгөө юм. 

Nano International

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.