Site Logo Site Logo

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? АГУУЛАХ ТҮГЭЭЛТИЙН АЛБАНЫ ДАРГА Б.АДЪЯАЦЭРЭН


Ярилцлагынхаа ээлжит зочноор Нано Интернэйшнл компанид 2014 оноос өнөөг хүртэл ажиллаж Манго, SAP гэх мэт олон төслийг хамтран ажиллаж, хэрэгжүүлж байсан манлайлагч нэгэн бүсгүйг урьж ярилцлаа. Тэрээр компанидаа Ложистик менежер, Бизнес хөгжлийн менежерээр тууштай ажиллан, одоо Төслийн ахлах менежер, Агуулахын түгээлтийн албаны даргаар ажиллаж байгаа билээ. Ингээд түүний ажлын арга барилтай нь танилцацгаая.

Nano International

Байршил: Монгол улс, Улаанбаатар хот

Албан тушаал: Нано Интернэйшнл компанийн Агуулах Түгээлтийн албаны дарга, Төсөл хариуцсан ахлах менежер

Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төлөвлөлт, судалгаа, тооцоолол анализ, шийдвэр, гүйцэтгэл хэмээн тодорхойлж болно.

Хэрэглэдэг гар утас: iphone

Хэрэглэдэг компьютер: dell

Сошиал хуудас: facebook: Adiya Bold

 

1. ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Миний хувьд аливаа ажлыг барьж авч хийж эхлүүлэхээс өмнө судалж уншиж судалгаатай хийхийг хичээдэг, ажлын арга барилдаа товч тодорхой, энгийн байх хэрэгтэй гэсэн дүрэм баримталан ажилладаг ба энэ хурдтай, цэгцтэй ажиллахад минь тусалдаг даа.

Nano International

2. ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Дээр дурдсанчлан миний ажлын арга барил ихэвчлэн судалгаа шинжилгээ хийх шаардлага гардаг тул судалгааны PowerBi программ хэрэглэхийг илүүд үздэг, бусад тогтмол хэрэглэдэг программууд бол  Life360, Field Service, Whatsapp болон Wechat апп хэрэглэдэг.

Өдөр тутамдаа банкны апп болон мэдээ мэдээллийн  ikon.mn сайт  kronen zeitung, facebook, Instagram платформуудыг мэдээлэл авах, хэрэглээгээ зохицуулахад ашигладаг. Тооны машин болон ноорог цаасаа хавчаараар хавчаад ар тал дээр нь ноорог, тэмдэглэх хэлбэрээр өдөр тутамдаа ашигласаар байгаа. Ашиглагдахгүй материал цааснуудыг ноорог болгон хэрэглэх нь цаасны хэрэглээг багахан ч болов бууруулдаг нөгөө талаас ажил бүрээ тэмдэглэн, зурж ноороглох нь ажлын бүтээмжид эерэг нөлөөтэй гэж боддог. 

Nano International

3. ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Манай ажлын орчин ажиллахад хамгийн дулаан уур амьсгалтай. Оффисын хувьд орчин үеийн интерьер дизайнтайн дээр хамт олны хөгжилтэй, сайхан харилцаан дунд сэтгэл маш хангалуун ажилладаг. Хамгийн сонирхолтой нь манай компани уламжлалт хэв маягийг халж оноосон ширээ сандлын хуваарилалтыг байхгүй болгосон. Ингэснээр хэн ч, хаана ч зөөврийн компьютероо аваад сууж болохуйцаар шийдэж өгсөн бөгөөд бүтээмжид их нөлөөлсөн гэж харж байгаа. Хааяа төвлөрөх шаардлага гарах үед дурын өрөөндөө ороод суудаг эсвэл дуртай газраа /кофе шоп/ очиж тухтай сууж, ажлаа хийх боломжтой.

Nano International

Nano International

4. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сайтар төлөвлөж, зурагласан барилгын суурь бат бөх байдаг шиг аливаа ажлыг сайн гүйцэтгэлтэй, дахин дахин хийхгүйн тулд төлөвлөлт, зохион байгуулалт маш чухалд авч үздэг. Мөн түүнчлэн ажлаа хурдтай хийхийн тулд технологи ашиглаж цагаа хэмнэхийг илүүд үздэг.

5. ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлын жагсаалтын хувьд жоохон хуучинсаг гэх үү дээ /инээв/ Жагсаалтуудаа Тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг, уулзалт хурлуудын хувьд утсан дээрээ Reminder хийж сануулж тэмдэглэдэг

Ерөнхийдөө төслийн ажлуудаа Microsoft project програм дээр төлөвлөдөг цаашлаад Microsoft project программыг ахин гүнзгий сурах шаардлагатай байгаа. Мөн өөрийн орон зайдаа зориулж хувийн өдрийн тэмдэглэл нууцхан хөтөлдөг  /инээв/

6. ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Олон ажлуудыг бүгдийг нь дээрээс нь базаж хараад жижиг деталь ажлуудыг нэгэн зэрэг амжуулахдаа сайн гэх үү дээ. Мэдээж тухайн ажил ач холбогдол, үр өгөөж өндөртэй маш чухал ажил бол ганцхан тэрхүү ажил дээр сатааралгүй, төвлөрч хийдэг. Хувь хүнийхээ хувьд хайртай хүмүүсээ халамжлах, цэвэрлэгээ хийх гэх мэт эмх цэгцтэй байдал, орчноос таашаал авдаг. Багаасаа математик болон геометрийн хичээл дээр онц сурсан болохоор тоо унших, анализ хийх чадвартай.

7. ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Төслийн хувьд байнга шинэ зүйл сурах ,зохион байгуулалттай хариуцлагатай ажиллахыг шаарддаг. Шинэ төсөлтэй нүүр тулгарах болгондоо их зүйл сурч мэдэх, туршлага хуримтлуулах боломжийг олгодог, бэрхшээлтэй санагддаг зүйл тэр бүр тохиолдоод байдаггүй. Ажиллаж байх үед хэцүү санагдсан бүх зүйлийн шийдлийг олж болдог.

     Агуулах Түгээлтийн хувьд маш их operation-тай өдөр бүр ажил ундарч байдаг алба. Ажил ундархын хирээр маш их зүйл сурах, зохицуулах, мөн хүнтэй харилцах чадварт суралцаж, сургаж байдаг. Миний удирдлагад  одоо 68 хүн ажиллаж байгаа.  Ажлын бодлого чиглэлийг нь зөв тодорхойлоод өгчихвөл албаны хүмүүстэйгээ ажиллахад л болдог сайхан алба.

Nano International

8. ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Агуулах түгээлтийн албанд ажилчдын гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах, тоон дээр суурилсан бодит үнэлгээ рүү шилжүүлэх, мөн компанийн цалингийн систем дээр өөрчлөлт оруулах багт ажиллаж байна. Агуулах түгээлтийн зардлын бүртгэл гүйцэтгэлийн хяналт дээр ажиллаж байна. Шинэ төсөл дээр зөвлөх үйлчилгээ авах тал дээр ажиллаж байна, Consulting сонгох.....гээд л

9. ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үед төвлөрөх зорилгоор чихэвч зүүгээд суух үе хааяа байна, гэхдээ хөгжим гэхээс илүү podcast хааяа сонсоно, ажлын бус цагаар хөгжим сонсох боломж тун ховор(инээв), машиндаа поп, r&b төрлийн дуу сонсдог

  • Lady gaga - always remember us this way
  • Rag’n bone man – human

Nano International

10. ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Миний хувьд хэвлэмэл ном уншаагүй жоохон удсан байна. Хамгийн сүүлд 4 сард Вэрнэ Харниш-н “Бизнесээ томруулах нь” номыг уншсан мөн сүүлийн үед МӨН ЧАНАР, ӨӨРИЙГАА ТАНИН МЭДЭХ, ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА гэх мэт сэдвүүдээр подкастууд сонсдог болоод байгаа. Хэвлэмэл ном өдөр тутамдаа эсвэл оройдоо охиндоо үүлэн бор номноос үлгэр уншиж өгөх гэж л уншиж байна дээ. /инээв/

11. ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би их адармаатай хүн /инээв/.Өнгөц харахад нээлттэй хүн ч гэхдээ зарим нэг зүйлийг хэнд ч хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг сэдвүүд байдаг. Ерөнхийдөө шулуун шудрага зантай, бүх хүнтэй нээлттэй харилцах сонирхолтой. Энэ нь хэт эмзэг хүмүүст анхандаа хэцүү байх шиг анзаарагдаад байдаг шүү. /инээв/ Гэхдээ хамтраад баг болоод ирэхэд өөр болдог, ер нь эхлээд харилцаанд хана босгох гээд байдаг талтай. Одоо бол EQ –гээ удирдах гэж хичээдэг хааяа алдана, цаашид хичээсээр л байх болно.

Nano International

12. ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Ихэвчлэн 23-07 цагийн хооронд амардаг. Өдөр бүр тогтмол цагт унтаж, босохыг хичээдэг

13. ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажлын бус үе болон чөлөөт цагаа гэр бүл, үр хүүхэддээ зориулдаг. Тэдэнтэйгээ гэртээ сайхан амрах  эсвэл агаар салхинд л гарч байна даа.

14. ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Мэдээж охиноосоо эрч хүч их авна. Хайртай хүмүүс минь аз жаргалтай байхыг харах нь надад үргэлж эрч хүч өгдөг. Мөн сэтгэл тайван, тав тухтай орчинд эсвэл байгальд байхдаа эрч хүчээ нөхөж авдаг. Нөгөөтэйгүүр сурч мэдэж туршлага хуримтлуулах, challenge –г даван гарах бүрд, маш их хүндэлдэг хүмүүсээсээ магтаал сонсоход урам зориг олж авдаг шүү.

15. ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ээж маань бага байхад дандаа хэлдэг байсан үг надад их нөлөөлсөн “өөртөө байгаа зүйлээ хайрлаж ариг гамтай цэвэр цэмцгэр эдэлж хэрэглэж бай”гэж. Энэ үг нямбай хариуцлагатай байх гэж хичээх ёстойг ойлгуулсан. Мөн их сургуульд байхад “Чи хэнтэй ч санал нийлэх албагүй, туйлын үнэн гэж байдаггүй юм” гэж Их сургуулийн профессор маань хэлж байсан, тэр үг аливаа зүйлийг олон талаас нь бодож боломжтойг ойлгуулсан нь амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юм.

Nano International

"Нано Интернэйшнл"-ийн дотоод ажилчдын дунд явуулж буй энэхүү ярилцлагын санаа болон асуултыг unread.today сайтаас авсан болно.